Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргууд , түүнд суралцах нь

Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргууд , түүнд суралцах нь

Хүмүүжлийн эерэг арга, хандлага гэж юу вэ? Бид хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэхийг хүсдэг ч түүнд хүрэх зөв арга замыг төдийлөн сайн мэддэггүй. Хүүхэд тань буруу үйлдэл хийгээд таныг хэцүү байдалд оруулаад байгаа үед та яг юу хийхээ мэддэг үү? Бид зөв арга замыг нь мэдэхгүй учраас өөрсдийн таамгаар эсвэл сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж хүүхдийнхөө хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нь бий. Тэгвэл хамтдаа хүмүүжлийн эерэг аргуудтай танилцаж, юуг нь хийж болохгүй, ямар үед ямар аргыг нь хэрэглэх ёстой вэ зэргийг мэдэж авъя. Эдгээр аргуудыг мэдэж авч хэрэгжүүлэх нь хүүхдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт болно.  

Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь үр дүнтэй, бүтээлч байдлаар хүүхдээ ойлгож хүмүүжүүлнэ гэсэн үг юм. Мөн бэрхшээлтэй нөхцөл байдалд үр дүнтэй шийдэл олох хэмээн тодорхойлж болно. Хүмүүжлийн эерэг арга хүүхдийг сэдэлжүүлнэ, урам өгнө, дэмжин тусална, сурах хүсэл, сэдлийг төрүүлнэ, хувийн сахилга баттай болгоно, чадвар чадамж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гээд олон давуу талтай.

 

  1. Эерэг харилцаа хандлага бий болгох: Эерэг харилцаан дээр үндэслэж, хүүхдээ тусалж, дэмжих хандлага эцэг эх хүүхдийн дунд бий болгох хэрэгтэй. Хүүхдийнхээ сонирхож байгаа зүйлд анхаарч байгаарай. Тэдний түгшсэн, бухимдсан, сандарсан, санаа зовсон үед нь анзаарч, зөв хариу үйлдэл үзүүлэх ёстой. Өдөр бүр хүүхдэдээ эерэг үг хэлж байхаа мартуузай. Хүүхдэд зохих ёсны таарсан хариуцлагыг өгч, итгэл үзүүлэх шаардлагатай. Хийж байгаа ороwлдлогыг нь дэмжиж, зоригжуулах, хүүхдээ сайн сайхан хүн болно гэдэгт үргэлж итгэж найдах, үүнийгээ хүүхэддээ хэлж илэрхийлж байгаарай. (Эцэг эхтэйгээ жаргалтай байгаа зураг)

  2. Төлөвшүүлэхийг хүсэж байгаа эерэг зан чанарыг бүрдүүлэх: 20 ба 80 зарчим гэж бий. Үүнийг маш олон салбар дээр хэрэгжүүлж болдог. Харин эцэг эхчүүдийн хувьд үүнийг хүүхдүүдийнхээ сайн зан чанар, аашийг төлөвшүүлэхэд ашиглаж болно. Тэгэхээр таны хүүхдэд 80%-ийн сайн сайхан чанар байдаг бол ердөө 20%-ийн сул, болохгүй чанар байдаг гэсэн үг. Харин таны мэддэггүй зүйл гэвэл хүүхдийнхээ 80%-ийн сайн чанар дээр нь бус 20%-ийн сул муу чанар дээр нь анхаарлаа хандуулж, загнаж, зандардагт оршино. Харин та одоо үүнийг мэддэг болсон учраас хүүхдийнхээ сайн чанарыг сайшааж, урамшуулж бүр шагнаж ч болно. Ингэснээр хүүхэд ч бас өөрийнхөө сул, муу чанар дээр биш харин сайн чанар, зөв үйлдэл дээр илүү төвлөрч өөрчлөгдөн төлөвшиж чаддаг. (Хүүхэддээ бэлэг өгч буй зураг)

  3. Буруу үйлдэл болон сөрөг зан аашийг арилгах: Үүнийг хийж эхлэх хамгийн эхний хүн нь та өөрөө юм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл  хүүхэд таны үг болон үйлдлээс үргэлж суралцаж, сайн зөв чанараар төлөвшиж байдаг. Тэгэхээр та буруу үйлдэл, сөрөг зан аашаа, зөв үйлдэл, сайн чанараар хүүхдэдээ үлгэр жишээ болох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тэгээд хүүхэддээ бусдад аюултай буруу үйлдэл, хохироох зан авираа ойлгож, тэдгээрийг орхиж, хаяхад нь туслах үүрэгтэй юм. Хүүхдэд хэзээ ч хүч хэрэглэсэн үйлдэл гаргах ёсгүй. Өмнөх хичээлүүдээс бид хүчирхийлсэн үйлдэл, бие махбодын шийтгэл нь хэзээ ч хүүхдэд сайн үр дүнг авчрахгүй гэдэг талаар хангалттай их мэдээлэлтэй болсон учраас хүүхдийнхээ сөрөг ааш араншинг арилгахад эерэг зөв хүмүүжлийн аргыг хэрэглэж, үүнд суралцах ёстой гэдэгтэй санал нийлж, дараа дараагийн хичээлүүдээс үүнийг  суралцаарай гэдгийг зөвлөж байна.    

  4. Уураа барих эсвэл зохицуулах ухаантай байх: Ихэнхдээ уур нь хоёрдогч сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүн санаа зовсноос, айснаас, бүтэлгүйтсэнээс, ганцаардсанаас, урам хугарснаас, өвдсөнтэй холбоотой сэтгэл хөдлөл нь уур бухимдалд хүргэдэг гэсэн үг юм. Охин нь сайн хоол хийж чадахгүй байгааг хараад аав ээж нь уурлаж бухимддаг. Гэтэл үнэндээ охиныхоо ирээдүйд санаа зовж, бусдад муу хэлэгдэх вий, нөхөртэй гологдох вий гэснээс болж уурлаж байна. Ер нь бол томчууд өөр олон шалтгаанаар уурладаг, хэдийгээр хүүхдээс болж уурлаагүй ч өөр шалтгаанаар уурласан ууранд нь хүүхдүүд хялбар өртөж, золиос болдог. Угтаа бол уур гэдэг нь томчууд болон хүүхдүүд аль алинд нь тохиолддог хэвийн сэтгэл хөдлөл юм. Гэхдээ уурнаас болж бусдыг ямар нэг байдлаар хохироох нь ёс зүйн болоод хуулийн дагуу мэдээж болохгүй. Эцэг эх, хүүхдүүдийн хэн хэн нь уураас өөрийгөө сэргийлж, мөн уураа хянан захирахаа мэддэг байх хэрэгтэй. Уурандаа хэлсэн үг, болчимгүй үйлдэл нь хэн нэгэнд хэзээ ч эдгэршгүй гүн гүнзгий шарх үлдээх аюултай. Эцэг эх хүүхдээ зодоод, “Чамд сайн юм юу ч алга, чи үхээд өгдөг ч болоосой” гэх зэрэг гомдмоор муухай үгнүүд хэлэхэд, энэ нь хүүхдэд насанд туршид нь ул мөр үлдээж, тухайн хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж, хайрлах хайр, хүндлэх хүндлэлээ дахин бий болготлоо олон жил, магадгүй бүхэл бүтэн амьдралынх нь он жилүүдийг авахад ч хүрдэг. Тиймээс уур бухимдлаа зохицуулж сурах нь их чухал учраас хамгийн анхан шатанд хийж болох зүйлийг танилцуулъя.

Уурласан бол хэрхэн хянаж, уураа зөв зохицуулах вэ

  • Эхлээд уурласан гэдгээ хүлээн зөвшөөр, хүүхдэдээ уурласан байгаагаа тайвнаар хэл.

  • Өөртөө түр завсарлага аваарай. Хүүхдэдээ түр завсарлага өгөөд тусдаа газар оруул.

  • Үүссэн нөхцөл байдлаас өөрийгөө холдуул. Яагаад уурласнаа бодож үз. Үнэхээр хүүхдийн тань хийсэн зүйл таныг уурлуулж байна уу эсвэл энэ зөвхөн уурлах нэг шалтаг болов уу?

  • Гүн гүнзгий амьсгал ав. Хэд хэдэн удаа давтаарай. Тэгээд та уураа зохицуулж чадна гэдгээ өөртөө сануул.

  • Нүүрээ хүйтэн усаар угаа эсвэл зүгээр гарч яваад цэвэр агаар амьсгал.

  • Ярьж, хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө сайтар бод. Хүүхдүүдийнхээ үлгэр дуурайл нь гэдгээ сана.

  • Нүдээ аниад, хүүхэд тань сонсох гэж байгаа үгийг та өөрөө сонсож байгаагаар төсөөл.

  • Уруулаа жимийгээд 20 хүртэл тоол. Эсвэл бүр 50 хүртэл тоол, илүү дээр байх болно.

  • Найзтайгаа ярих эсвэл таныг сайн сонсдог нэгэнтэй ярилцаарай

  • Уурнаас болж ямар нэгэн согтууруулах ундаа битгий хэрэглээрэй. Энэ нь танд тус болохгүй

  • Тайвшрахад хамгийн доод талдаа 1 өдөр, хамгийн дээд талдаа 7 хоног ч болж магадгүй тул бэлэн бай. Энэ хооронд гарсан асуудал дээр шийдвэр гаргах гэж бүү оролд.

  • Нэгэнт тайвшраад асуудалд хариу үйлдэл, шийдэл гаргахад бэлэн болсон бол хэрхэн яаж гэсэн төлөвлөгөөг гаргаад түүнийхээ дагуу хэрэгжүүлээрэй.

Хэрвээ та хүүхдээ эерэг хүмүүжүүлэхэд анхаарах эхний зүйлсийг судлаад мэдсэн бол дараагийн сэдэв болох “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд” таны өмнө бэлэн боллоо. Та дараах хүмүүжлийн эерэг аргуудтай танилцаад, судалж, хамгийн түрүүнд хэрэгжүүлж эхэлж чадна гэсэн аргуудаас эхэлбэл илүү сайн байх болно гэдгийг хэлмээр байна.