Сонсох аргад суралцах нь#4

Сонсох аргад суралцах нь#4

Хүн бүхэн л хэн нэгэн өөрийг нь сонсоосой гэж хүсдэг. Хэн нэгэн таныг сонсож байна гэдэг нь тухайн сонсогч хүн таныг ойлгохыг хүсэж байгаа, мөн таны хэлж байгаа зүйл түүний анхаарлыг татахуйц чухал гэсэн үг юм. Энэ нь хүүхдийн хувьд мөн адил байдаг. Бусад хүмүүс ялангуяа эцэг эх нь сонсож, ойлгож, үнэлж, хайрлахыг тэд юунаас ч илүү хүсдэг. Бид харилцааны тухай бодохдоо, ихэнх маань яриа, үг, өгүүлбэр зэрэгт анхаарал хандуулдаг. Гэвч эдгээр нь харилцааны зөвхөн нэг хэсэг юм. Тэгвэл СОНСОХ нь харилцааны салшгүй чухал хэсэг бөгөөд ялангуяа харилцаа шинээр үүсэж байх үед эсвэл хүүхдэд бэрхшээл тулгарсан цагт энэ нь ярихаасаа ч илүү чухал хэсэг аж. Хүүхэд өсөж том болж, өсвөр нас руу шилжих үед нь тэднийг сонсож, ойлгох насанд хүрэгчтэй байх нь тэдэнд их чухал юм.

  • Идэвхтэй сонсоно гэдэг нь:

  • Хүүхдээ сонсож байхдаа чих тавин нээлттэй сонсох: Хүүхэд өөрийн чадлаараа байгаагаараа ээж аавдаа өөрийнхөө үгийг хэлдэг. Тэр маш их хичээж байгаа учраас эцэг эхийн хувьд ч хүүхдээ чих тавин сонсох нь маш чухал. Та маш завгүй ажиллаж байхад хүүхэд чинь хажуунаас чинь чангааж, “Ус уумаар байна, бие засмаар байна, шүүгээн дээрээс малгай аваад өгөөч, гэрэл асаагаад өг” гэх мэт тусламж хүсэх нь наад захын явдал. Гэтэл “би завгүй байна, өөрөө гэрэл асааж чадахгүй байхдаа яадаг юм, сандал тавиад малгайгаа ав л даа” гэх мэт үгс нь ээж аав нь түүнийг огт сонсоогүй, сонсохыг ч хүсэхгүй юм байна гэсэн ойлголт төрүүлдэг. Тиймээс та хэчнээн байсан ч хүүхдээ тань руу ирээд ярих үед хийж байгаа зүйлээ орхиод түүнийг анхааран сонсох хэрэгтэй.

  • Нүд рүү нь анхааралтай харах: Хүүхэдтэйгээ нэг түвшинд очоод сонсох, аль ч насны хүүхэдтэйгээ ярьж байхдаа заавал хүүхдийнхээ нүд рүү нь харж байх хэрэгтэй. Нүдээр дамжуулан хүүхэд танаас итгэл найдварыг олж хараад өөртэй итгэлтэй болдог. Хэрэв хүүхэд таны нүд уруу харахгүй байвал “Нүд рүү минь хараач” гэж зандарч болохгүй, харин элэгсгээр “Ээжийнхээ нүд уруу хараад хэл дээ, аав нь охиныхоо хөөрхөн нүдийг харж байгаад яримаар байна” гэх мэтээр хайрлаж, халамжилж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй.

  • Ярьж байгаа зүйлийг нь дэмжиж толгой дохих: Хүүхэд тантай ярьж байхад түүний яриаг дэмжиж байгаагаа илэрхийлж толгой дохиж байгааг хүүхэд хараад өөрийгөө ямар чухал эрхэм болохыг ойлгодог. Үнэ цэнээ мэдэрдэг. Улам итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэхэд суралцаж байдаг. Мөн санаа нийлэхгүй зүйл гарвал “Ээж нь ингэж бодож байна, аав нь ярьж байгаа зүйлтэй нь санаа нийлэхгүй байна, гэхдээ чиний санааг бодож үзье, миний санааг чи бодоод үзээрэй” гэх мэтээр санаа оноогоо илэрхийлбэл хүүхэд аливааг бодож, эргэцүүлэх ухаан, санаа оноогоо хуваалцах, сонголт хийх, шийдвэр гаргах зэрэгт суралцаж байдаг.  

  • Хүүхдийнхээ ярьж байгаа ярианы агуулгыг ойлгох: Хүүхдийнхээ ярьж байгаа ярианы агуулга, хэлэх гээд байгаа санаан дээр анхаарлаа хандуулах нь их чухал. Томчууд хүүхдийнхээ ярианы агуулгад анхаарвал хүүхдээ яг юу хүсээд байгааг ойлгож чадна. Юу яриад байгааг нь анхааран сонсвол хүүхдийнхээ хүсэж байгаа зүйлийг олгоход тийм ч хэцүү биш, уурлаж ундууцах ч хэрэггүй байдаг. Ер нь хүүхэд тантай ярихыг оролдож байна гэдэг бол тантай ойр дотно байж, харилцахыг хүсэж байгаа л гэсэн үг. Хүүхэд эцэг эхдээ маш олон зүйлийг ярих хүсэлтэй байдаг. Тэднийг анзаараад сонсвол хүүхдээ дэвтэр хэрэгтэй байгааг, бие нь өвдсөн байгааг, сэтгэл нь баяртай байгааг, эсвэл гунигтай байгааг, ямар нэгэн зүйл хэрэгтэй байгааг, ээжтэйгээ хамт баймаар байгааг, аавтайгаа тоглохыг хүсэж байгааг, тэднээр тэврүүлмээр байгааг, урам хэрэгтэй байгааг, хайрлуулмаар байгааг гэх мэт олон зүйлийг мэдэж болно.  Хүүхэд таныг гэртээ эрт ирээрэй гэж байгаа бол тантай хамт байхыг хүсэж байгаагийн илрэл юм.

  • Хүүхдийнхээ сэтгэл, мэдрэмжийг хүлээн авах: Хүүхэд сэтгэл тавгүй байгаагаа эсвэл баяр хөөртэй байгаагаа илэрхийлбэл түүнийг анхааран хүлээж авах хэрэгтэй. Тухайлбал “Ээж ээ, би шалгалтаа онц дүнтэй өгсөн” гэвэл та хариуд нь “Миний хүү мундаг, би чамайг онц авна гэдэгт итгэж байсан, ээж нь ч баяртай байна” гэж хэлэх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийгээд сэтгэл нь өвдөж байгаагаа танд хэлбэл заавал дуустал сонсоод “Чи яриагаа дууссан уу” гэж асуугаад хүүхэд дууссан гэж хэлэх эсвэл толгой дохивол “Сэтгэл чинь хэцүү байгааг ойлгож байна, надад ч бас ийм мэдрэмж төрж байсан, гэхдээ бүх зүйл сайхан болно, гаргасан алдаагаа засаад дахиж хийхгүй байхад болно, хэрэв шаардлагатай бол би чамд тусална” гэх мэтээр сэтгэлийг нь хүлээн авч байгаагаа харуулах хэрэгтэй.

 

Тэгвэл хүүхдээ анхааран сонсоход эцэг эхчүүдэд юу саад болдог вэ

  • Идэвхтэй сонсоход саад болдог зүйлс:

  1. Ярьж байгаа хүний гол санааг алдуулж, анхаарлаа хандуулахгүй байх. Жишээлбэл: “Өөр юмны талаар яриач. Үүний талаар дахиж битгий бод”.

  2. Шүүх, буруушаах, загнах. Жишээ нь, “Чи ч ёстой тэнэг юм”; “Би чамд хэдэн удаа үүнийг хэллээ, чи ... ёсгүй/хэрэггүй байсан юм”. “Чи яах гэж тэгсэн юм?”, “Чи тэгэхээсээ ичихгүй байна уу?”, “Ямар мулгуу юм хийгээ вэ. Мангар юм уу хаашаа юм?”...

  3. Хүүхдийн буруу зан үйлийн үндсэн шалтгааныг тодруулахгүйгээр хүүхдийг буруутгах. Жишээ нь: “Чи дандаа л хэрэлдэж байх юм”; “Чи л ийм нөхцөл байдлыг үүсгэсэн шүү дээ”; “Энэ чиний л алдаа” ...

  4. Хүүхдийг гутаах, доромжлох. Жишээ нь: “Чиний хийж чадах хамгийн сайн чинь энэ гэж үү?”, “Чи ямар ч хэрэггүй юм”, “Чи ямар ч юмыг зөв хийнэ гэж байхгүй шүү”...

  5. Хүүхдэд саад болох. Жишээ нь,  томчууд, “Гэвч...”, “...-вэл яасан юм”, “Энэ яагаад ...” гэх мэт үгнүүдээр хүүхдэд түүх, болсон зүйлсээ ярьж цаг аван, өөрийнхөөрөө ярихад нь саад болдог.

  6. Шууд л зөвлөгөө, шийдэл өгөх, ёс зүйн лекц унших, хүүхдийн санааг ойлгохгүй өнгөрөх. Жишээлбэл: “Юу хийх хэрэгтэйг чинь би мэдэж байна. Эхлээд чи ... ингээрэй”. “Битгий ийм тэнэг бай л даа, энэ чухал биш шүү дээ”. “Би чамд аль хэдийн ингэж хэлсэн”. “Чи ... ёстой” гэх мэт.

  7. Хүүхдийг хэтэрхий өрөвдөх, халаглах. Жишээ нь: “Өө ямар аймаар юм бэ! Чамд яагаад байнга ийм өрөвдөлтэй юм тохиолдоод байна аа?” “Чи дандаа л азгүй байх юм” “Яасан өрөвдөлтэй юм бэ. Дахиад л багшаараа загнуулчихсан уу?” Иймэрхүү тайлбар хийх нь хүүхдийг улам сул дорой, өөртөө итгэлгүй болгодог.

  8. Тушаал өгөх, сүрдүүлэх. Жишээ нь: “Чи яг одоо наад ажлаа дуусгах ёстой шүү.”, “Надтай ингэж харьцсан хэвээр байвал чинь, зодуулна гэж мэдээрэй.” “Чи дахиад энэ алдааг давтвал би чамайг уучлахгүй шүү.”...