Зөрчилтэй үед нь хүүхдийг идэвхтэй сонсож шийдвэрлэхэд нь туслах #6

Зөрчилтэй үед нь хүүхдийг идэвхтэй сонсож шийдвэрлэхэд нь туслах #6

Зөрчилдөөн нь гэр бүл, анги сургуульд тохиолддог амьдралын салшгүй нэг хэсэг юм. Насанд хүрэгчид зөрчилдөөн, бүр цаашлаад маргааныг хүртэл асуудал, сүрдүүлэг мэтээр хүлээн авах хэрэггүй. Харин эцэг эх бас хүүхдийнхээ ойлголцлыг улам сайжруулах, хэрэгтэй өөрчлөлтийг хийх боломж гэж үзэх хэрэгтэй. Зөрчилдөөн нь зугтах боломгүй зүйл учраас, үүнийг шийдвэрлэх зарим ур чадвараас суралцах нь бидэнд хэрэгтэй, мөн хүсүүштэй зүйл юм.

Насанд хүрэгч болон хүүхдүүдийн, ялангуяа өсвөр насны, хооронд гардаг зөрчил нь ихэвчлэн сахилга бат, дүрэм журамтай холбогдон гардаг. Жишээ нь, хичээл сурлагатай холбоотой асуудал, анги найз нөхдийн харилцаа, чөлөөт цагаа зарцуулж байгаа байдал, гэрийн даалгавар, ариун цэврийн асуудал гэх мэт. Харин хүүхдүүдийн хоорондын зөрчилдөөн, сурлага, тоглоом наадмаас (анги сургууль болон гэрт) үүдэн гардаг аж.

 

Эцэг эхчүүдийн хэн хэн нь хэзээ нэгэн цагт хүүхэдтэй ямар нэгэн байдлаар зөрчилдсөн байдаг. Та өөрөөсөө, “Та хүүхдүүдийнхээ хоорондын зөрчилд зохицуулагч болж байсан уу? Та тэгэхэд юу хийсэн бэ? Энэ нь үр дүнтэй байсан уу? Танд ямар нэг бэрхшээл тулгарч байсан уу?” зэрэг асуултыг асуугаад үзээрэй.

Мөн бид идэвхтэй сонсох ур чадварыг хүүхдүүдийн дундах зөрчилдөөнийг шийдвэрлэхдээ ашиглаж болно. Хүүхдүүд ч мөн үүнийг сурч, өөрсдөө зөрчлөө шийдэхдээ ашигладаг ажээ.

Зөрчилдсөн хүүхдүүдэд тусалж зөрчлийг шийдвэрлэхэд мөрдөх зарчим:

  1. Зөрчилдөөнийг шийдвэрлэх үедээ асуулт тавих.

  2. Хүүхэд нэг бүрийг хичээнгүйлэн, идэвхтэй сонсох.

  3. Бие биеэ сонсоход хүүхдүүдийг чиглүүлж, урамшуулах.

  4. Нөгөө хүүхэд юу хэлснийг давтаж хэлэхэд хүүхдийг урамшуулах.

  5. Хүүхдүүд бие биеэ сонсож, бие биетэйгээ харьцахад тэдний хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулах.

  6. Ялгаварлаж үзэх, гадуурхахаас зайлсхийх.

 Зөрчилтэй хүүхдүүдийн мөрдөх зарчим:

  1. Сонсоход бэлэн байх

  2. Асуудлаа оновчтой ярих

  3. Зөрчилдсөн хүүхэддээ (ангийн хүүхэд, найз, ах эгч дүү) дургүйцлээ илэрхийлэхгүй байх

  4. Зөрчилдөөнийг зохицуулах эцэг эх эсвэл багшдаа итгэх

  5. Зөрчилдөөнөө шийдвэрлэх сайн гарцыг олох хүсэлтэй байх

Хүүхдүүд хоорондоо зөрчилдсөн үедээ бие биеэ сонсож хүлээн авах нь хэцүү болдог. Хүүхдүүдийг идэвхтэй сонсоход урамшуулах нь, ялангуяа, ярьж байгаа хүний мэдрэмж, сэтгэгдлийг бодож үзэхэд маш чухал асуудал юм. Маш олон тохиолдолд, хүүхдүүд бие биеэ ойлгох үед зөрчилдөөн шийдвэрлэгддэг.

Зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэж болох арга жишээгээр  4 үйл явцыг харууллаа:

Эцэг эх хоёулаа, эсвэл аль нэг нь  “За, юу болсон бэ? Та хоёрт ямар туслалцаа хэрэгтэй болов?” гэсэн асуултыг намуун зөөлөн, уурлаагүй өнгөөр яриагаа эхлэх.

 

ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

(Асуудлыг тодорхойлох)

1-р хүүхдээс:

Юу болсон бэ?

 

2-р хүүхдээс:

Юу болсон бэ?

2-р хүүхдээс:

(1-р хүүхдийн нэр)-ий хэлсэн үгийг давтаж хэлээрэй.

1-р хүүхдээс:

(2-р хүүхдийн нэр)-ий хэлсэн үгийг давтаж хэлээрэй.

ЯМАР САНАГДАЖ БАЙНА ВЭ?

(мэдрэмжийг нь бодож үзэх)

1-р хүүхдээс:

Ийм зүйл болоход чамд ямар санагдсан бэ?

 

2-р хүүхдээс:

Энэ зүйл болоход чамд ямар санагдсан бэ?

2-р хүүхдээс:

(1-р хүүхдийн нэр)-ий хэлсэн зүйлийг давтан хэлээрэй.

 

1-р хүүхдээс:

(2-р хүүхдийн нэр)-ий хэлсэн үгийг давтаж хэлээрэй.

ЮУ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

(Шийдэл санал болгох, сонгох)

1-р хүүхдээс:

(2-р хүүхдийн нэр)-ийг дахиж юу хийхгүй байгаасай гэж хүсэж байна?

2-р хүүхдээс:

(1-р хүүхдийн нэр) дахиж юу битгий хийгээсэй гэж хүсэж байна?

1-р хүүхдээс:

(2-р хүүхдийн нэр)-ийг үүнийхээ оронд юу хийгээсэй гэж хүсэж байна?

2-р хүүхдээс:

(1-р хүүхдийн нэр)-ийг үүнийхээ оронд юу хийгээсэй гэж хүсэж байна?

2-р хүүхдээс:

(1-р хүүхдийн нэр)-ий хэлсэн зүйлийг давтан хэлээрэй.

1-р хүүхдээс:

(2-р хүүхдийн нэр)-ий хэлсэн үгийг давтаж хэлээрэй.

2-р хүүхдээс:

(1-р хүүхдийн нэр)-ий хэлсэн зүйлийг давтан хэлээрэй.

1-р хүүхдээс:

(2-р хүүхдийн нэр)-ий хэлсэн үгийг давтаж хэлээрэй.

АМЛАЛТЫГ НЬ АСУУХ

1-р хүүхдээс:

Үүнийг (асуудлын шийдлийг) биелүүлж чадах уу?

2-р хүүхдээс:

Үүнийг (асуудлын шийдлийг) биелүүлж чадах уу?

Хоёулангаас  нь: "Сая тохирсныхоо дагуу бие биетэйгээ харьцахыг хичээнэ гэдгээ амлаж байна уу?"гэж асууна. Хоёулаа 'тийм' гэвэл тэднийг идэвхтэй сонсож, шийдэл гаргасных нь  төлөө урамшуулж магтаарай. 

Аль нэг нь үгүй гэвэл, хоёулангаас нь асуудлыг шийдэхийн тулд тэр хоёр юу хийх хэрэгтэй гэж бодож байгаа талаар асуугаарай. Тэднээс хоёуланд нь сайн шийдэл болж өгөх ямар нэг санаачилга бодож олохыг асуугаарай.

Хүүхдүүд хоёулаа ууртай, ааштай байвал эцэг, эх зөрчилдөөнийг шийдвэрлэхээс өмнө эхлээд тэднийг тайвшрахад нь туслах хэрэгтэй. Хүүхдүүд огцом уурласан үед, хажууд нь уураа гаргах хэн нэгэн байх үед тэд ихэвчлэн зоргоороо ярьж, асуудлыг зөвхөн өөрийн өнцгөөс л харах хандлагатай байдаг. Ийм үед та 1-р алхам буюу асуудлыг тодорхойлох хэсэг рүү орохоос өмнө ээлж дараалан ярьж, нэг нэгнээ сонсох дүрэм бий болгох хэрэгтэй.