Хүүхдээ эерэг зан үйлд төлөвшүүлэх урамшууллын 5 зарчим #8

Хүүхдээ эерэг зан үйлд төлөвшүүлэх урамшууллын 5 зарчим #8

  1. Бодитой, тодорхой гүйцэтгэл, амжилтыг нь магт: Ихэнх насанд хүрэгчид хүүхдийн эерэг зөв зан үйлд бараг анхаарал хандуулдаггүй хэр нь зөвхөн алдаа гаргах, зүггүйтэх үйлдлүүд дээр нь анхаарлаа төвлөрүүлэх нь бий. Хүүхдийн сайн, эерэг зөв зан үйл, хандлагыг нь улам хурцлахын тулд ийм үед нь анзаарч мэдэх нь чухал. Жишээ нь, 6, 7 настай хүүхэд муухан бичдэг, тэгвэл та түүний бичсэн зүйлсээс нь нэг юм уу хоёр зөв бичсэн үгийг нь олоод, тод гаргацтай бичиж, амархан уншигдахаар байгаа учраас танд таалагдаж байгааг хэлж урамшуулж болно. Жишээ нь, та эелдгээр, “Энэ үг маш тод бичигдсэн байна, бас зөв шугаман дээрээ байна” гэх юм уу, “Чи өгүүлбэрүүдийг маш сайн холбосон байна шүү” гэж болно. Хүүхэд бичсэн үгээ хараад, баярлаж өөртөө улам итгэлтэй болон, урам орж таны зааж өгсөн үгийн жишгийг даган улам тод зөв бичиж сурах болно. Хүүхдэд санаагаа эерэг зөвөөр ойлгуулахын тулд, томчуудын хандлага, дуу хоолойны өнгө аяс маш чухал байдаг. Хүндрэл бэрхшээлтэй байгаа, ялангуяа сурлага дээрээ тааруухан байгаа хүүхдэд урам өгөх нь маш чухал юм шүү. Харин сайн сурлагатай хүүхэд аяндаа эцэг эх, багш, найзуудаасаа сайн дүнгийнхээ төлөө эерэг урмын үгс авч байдаг юм.
  2. Тодорхой урам өгөх, давуу талыг нь хэлэх:  Жишээ: “Чи дүүдээ тусалсанд чинь их баярласан шүү. Чи бусадтай ойр дотно, бусдад тусалдаг сайн талаа харууллаа”. “Чамайг хүүхдүүд өдөж, шоолоход хариуд нь тэднийг цохиогүй чинь их сайн байсан шүү. Миний хүү хүчтэй, бас тэвчээртэй юм аа”.Хүүхдийн үзүүлсэн давуу талуудыг та нэрлэж, хэлж өгөхөд, хүүхэд дараа эдгээр үнэт зүйлсийг санадаг. Энэ их чухал бөгөөд хүүхдүүдэд сөрөг хариу үзүүлдэг жам ёсны хариу үйлдлээ өөрчлөхөд нь тусалдаг ажээ. Жишээ нь: өмнөх жишээн дээрх шиг найзаа хариу цохихын оронд, илүү эергээр түүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, тэвчээрийг нь хурцалж өгч байгаа юм.
  3. Чин сэтгэлээсээ ханд:  Магтаж урамшуулахад, таны чин сэтгэлээсээ хандаж байгаа эсэх чинь хүүхэд хэр хүндлэгдсэнээ мэдрэхэд гол хүчин зүйл болдог бөгөөд энэ нь мөн тэдний өөрсдийн хичээл зүтгэл, сайжирч байгаа байдал зэргээ зөв зүйтэй үнэлж цэгнэхэд нь тусалдаг. Таны нүд, хоолойны өнгө аяс зэргээс чинь ямар ч насны хүмүүн таны хэр үнэнээсээ хандаж байгааг амархан олж харж чаддаг. Дөнгөж зураг зурж дуусгаад байгаа 3 настай охинд хэн нэгэн инээмсэглэн эелдгээр, “Оо, улаан, ногоон, ягаан гээд ашигласан өнгөнүүд чинь ямар гоё юм бэ, бас тэр тойрог, шулуун зураасыг хараач!” гэж хэлбэл тэр их баярлах болно. Ийм нарийн тодорхойлолт магтаал, урамшуулал мэт харагдахгүй байж болох ч, та хүүхдийг үнэлж, урамшуулж байгаа нь түүнийг эергээр хурцалж байдаг.

  4. Үнэн сэтгэлээсээ болон эерэг сэтгэл хөдлөлөөр ханд: Заримдаа магтаал, урамшуулал эергээр эхлээд, сөргөөр дуусах тохиолдол байдаг. Жишээ нь нөхөр нь оройн хоол хийж дууссаны дараа эхнэр нь, “Чи өнөөдөр үнэхээр дажгүй хоол хийжээ. Байнга үүн шигээ хоол хийчихдэг бол ч!” гэх юм уу хүүхэд дасгалууд дээр сайн ажилласны дараагаар, эцэг эх юм уу, багш нь “Сайн байна! Чи өнөөдөр дасгалаа их сайн хийжээ. Чи яагаад өдөр болгон ийм байдаггүй юм бэ?” гэж болох юм. Үүнд эхний хэсэг нь урам өгөх боловч, энэхүү эерэг мэдрэмжийг сүүлчийн шүүмжлэл, сөрөг хэсэг нь шууд сарниулж байгаа юм.

  5. Түргэн хариул:  Хүүхэд дөнгөж шинээр эерэг, сайн зан үйлийг сурч хэвшүүлж байх үед нь үүнийг тэр даруй урамшуулах хэрэгтэй. Зарим хүүхдүүд хэн нэгэн хажууд нь суухгүй л бол даалгавраа хийдэггүй. Аав ээж юм уу, асран хамгаалагч нь тэдэнтэй хамт суух цаг завгүй бол хүүхдийн сурах зуршил улам дорддог. Таны тусламжтайгаар хүүхэд шинэ зан үйлийг цогцлооход нь урамшуулахыг хичээ. Жишээ нь, “Сайн байна, чи одоо яаж хийхийг мэддэг боллоо. Энэ 3 дасгалыг хийж дуусаад надад аваад ирээрэй. Би шалгая.” Дараа нь хүүхэд тань ажилласан дасгалаа авчирч шалгуулахад, та түүнд цаг гарган шалгаж, дүн тавиарай. Танд шалгуулахаасаа өмнө үүнээс олон дасгал хийхийг хүүхдээс хүсэж, энэ дадлагыг улам тэлээрэй. Ингэвэл хэсэг хугацааны дараа, хүүхэд дасгалаа илүү бие даан хийж, илүү үр дүнтэй сурах болно. Хүүхдийн шинэ зан үйлийг хэвшүүлэхэд, байнгын урам зориг хэрэгтэй боловч, эдгээр зан үйл нь нэгэнт зуршил болчихсон тохиолдолд энэ талаарх урамшууллаа багасгах хэрэгтэй.