Гэр бүлийн дүрэм # 10

Гэр бүлийн дүрэм # 10

Аливаа  давж болохгүй хил хязгаарыг бий болгох нь аль ч насны хүүхдэд маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд дэг журамд суралцаж, үүнийг амьдралынхаа хэм хэмжээ болгож чадвал олон буруу зүйл, аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Тэгэхээр дэг журам нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн эрүүл саруул, аюулгүй өсөлт хөгжилд нэн чухал. Ихэнх эцэг эх хүүхдээ даруу төлөв, хүмүүжилтэй, хариуцлагатай насанд хүрэгч болгохыг хүсдэг нь дамжиггүй. Тиймээс сургууль болон гэрт мөрдөгдөх дүрэм журам, дэг жаяг, сахилга бат бий болгох нь чухал юм.

Дүрэм журам, дэг жаяг нь хүүхдэд ямар зан үйл, хандлага зөв зохистой, ямар нь буруу, тааламжгүй болохыг ойлгоход нь тусалдаг. Мөн хүүхдэд зөрчиж болохгүй хил хязгаар байдаг гэдгийг ойлгуулахад туслах юм. Тэдгээр дүрэм журмыг дагах нь гэр бүл болон бусад газар эмх цэгц, ёс журмыг бүрдүүлж, цаашлаад нийгэмд ийм байдлыг бүрдүүлдэг. Тэдгээр зан үйлийн дэг жаяг нь зүй зохистойгоор байнга хөгжин дэвжиж, амьдралд хэрэгжвэл, хүүхдүүд үүнийг цаашдын амьдралынх нь хэв маяг, хөтөч болгон хүлээн зөвшөөрч хоногшуулдаг.

Дүрэм яагаад хүүхдүүдийн дургүй хүргэж, дагахад нөлөөлдөггүй вэ гэхээр томчуудын бий болгосон зарим дүрэм журам нь өөрийнхөө аюулгүй байдлын төлөө болон бусдын төлөө хүүхдүүд ямар хэлэлцсэн зүйлгүйгээр зөвхөн мөрдөх хатуу зарчмуудаас бүрдсэн байдаг. Жишээлбэл, хүүхдүүдээс бие биеэ хүндлэхийг, үнэнч шудaрга байхыг, цахилгаан, залгуурт хүрэхгүй байхыг, тамхи татахгүй байх зэргийг хүсэж болно. Харин зарим дэг журмын хувьд томчууд болон хүүхдүүдийн хамтдаа ярилцан гаргах хэрэгтэй байдаг бөгөөд магадгүй тодорхой хугацааны дараа юм уу хүүхэд арай өөр шатанд очиход дахин шинэчлэгдэхэд нээлттэй байх хэрэгтэй. Жишээлбэл, хэзээ хичээлээ давтах, юу өмсөх, гэрт ямар үүрэг хариуцлагатай байх тал дээрх дэг журам байж болох юм. Ингэвэл, хүүхэд аль дэг журам нь хэлэлцэж болохгүйгээр тогтоогдсон, аль нь хамтдаа хэлэлцэж өөрчилж болох вэ гэдгийг мэддэг болно.

Хүүхдүүдтэй хамт дүрэм журам бий болгохдоо анхаарах зүйлс:

  • Энэ дүрэм нь бодит байдал дээр үндэслэсэн үү, зөвхөн том хүний санаа юу?
  • Энэ дүрэм нь хүүхдийн төлөө, түүний аюулгүй байдлыг хангах зорилготой юу?

  • Энэ дүрэм нь хүүхдэд бусад хүмүүстэй зөрчилдөхөөс нь сэргийлэхэд нь тусалж байна уу?

  • Энэ дүрэм нь хүүхдэд үйлдэхээсээ өмнө бодож, үр дагаврыг нь бодож үзэхэд суралцахад нь тусалж байна уу?

  • Энэ дүрэм дагахад, мөн дагаагүй байхад ямар үр дагавар гарах вэ?

  • Гэр бүл, анги сургууль бүрт дүрэм журам, дэг жаяг хэрэгтэй боловч, эдгээр нь зөвхөн томчуудын зохиосон зүйл байх ёсгүй.

  • Дүрэм журам нь хэрвээ бүгдийн оролцоотойгоор бий болж,  мөн гэр бүл, анги сургуульд бүгдээрээ үүнийг мөрддөг байвал хамгийн үр дүнтэй байдаг

  • Дүрэм журам нь насанд хүрэгчдийн болон хүүхдүүдийн аль алиных нь хэрэгцээ, бодол санааг тусгасан байх хэрэгтэй.

  • Хүүхдүүд, ялангуяа өсвөр насныхан дүрэм журам тогтооход оролцож хамтрах нь чухал.

Шийдвэр гаргах хэсэгт оролцсоноор, томчууд ч хүүхдүүд ч тухайн шийдвэрийнхээ эзэн гэдгээ мэдэрдэг учраас хүчээр дүрэм журам дагаж байгаа мэт санагдахгүй, харин илүү амар дагадаг болдог.

Гэр бүлийн дүрмийн агуулга:

  • Харилцан хүндлэл. Эерэг хэм хэмжээ ашиглахыг хичээ, жишээ нь “битгий зодолд”, “бие биеэ битгий шоол” гэсэн хоригууд тавихын оронд, ‘бие биедээ сайхан сэтгэлээр ханд’, ‘тусламж хэрэгтэй хэн нэгэндээ тусал’ гэх мэт,

  • Бусдад өөрийгөө сонсгох боломж өгөх

  • Чимээгүй байх, хэрэв тийм хэрэгцээ гарвал хоорондоо ярихгүй байх

  • Нөхөрсөг байх

        Хүүхдүүдийн санал болгосон дүрэм журам, бодлогогүй юм уу боломжгүй байвал томчууд “Бидний хүсэж байгаа зүйл мөн гэдэгт итгэлтэй байна уу?”, “Өөр ямар нэг шийдэл байна уу?”, “Бид яг одоогоор үүнийг хийх боломжгүй. Чамд таалагдахгүй бол бид өөр нэг шийдэл олж болно. Боломж гармагц бид чиний саналыг туршиж үзнэ” гэх мэтээр нээлттэй асууж, харилцан ярилцаарай. Дүрэм журмаа тогтоосны дараа, үүнийгээ дагаж мөрдөх, хүчинтэй байлгах нь маш чухал бөгөөд  дүрэм тогтоохоосоо илүү хүндрэл учрах нь бий.

Дүрэм журмыг дагаж мөрдөх, хүчинтэй байлгахад нь хүүхдүүдэд сануулах гол хүчин зүйлс:

Заавар: Заавар тодорхой бөгөөд ойлгомжтой байх хэрэгтэй, жишээ нь, “Тоглоомоо цэгцлэх цаг болсон байна” гэх мэт.

Сануулах: Сануулах нь хүүхдэд бодох, санах, ямар үйлдэл хийхээ шийдэх зэрэгт нь тусалдаг. Жишээ нь, “Өмнө нь айлд зочилж очихдоо шургуулгыг нь татаж онгойлгон, доторхыг нь харахгүй гэж бид тохиролцсон, санаж байна уу?” гэх мэт.

Сонгуулах: Хүүхдэд хамгийн багадаа хоёр сонголт өгөх. Хүүхдэд өөрөө бодож, шийдвэр гаргахыг нь урамшуулахын тулд, хоёр боломжийн сонголт өгөөд, аль нэгийг нь сонгохыг нь хүснэ. Жишээ нь, “Өнөөдөр юу өмсмөөр байна, цэнхэр, цагаан өмднийхөө алийг нь сонгох вэ?” Хүүхдэд хийсэн сонголтынх нь үр дагаврыг мэдүүлэх: хүүхдэд гаргасан зан үйлийнх нь үр дүн юу болохыг хэлэх нь чухал. Жишээ нь, “Чи уурласан үедээ найзыгаа ингэж зодоод байвал юу болох талаар би чамд их санаа зовж байна”.

Сануулга: Сануулга нь сүрдүүлэг биш боловч хүүхдэд тодорхой зан үйлийнх нь авчирч болох сөрөг үр дагаврыг бодож үзэхийг сануулдаг. Жишээлбэл, “Сургууль явахдаа зам хөндлөн гарахдаа болгоомжтой харахгүй бол, юу тохиолдож болохыг бодож үзээрэй”.

Хүлээлтээ илэрхийлэх: Хүүхдээс ямар хүлээлттэй байдгаа мэдүүлэх нь түүнийг тодорхой зан үйлтэй болох, заримаас нь татгалзахад нь урамшуулж өгдөг. Жишээ нь, “Ширээн дээрээ бохир үг бичихгүй байх чинь надад сайхан санагдаж байна.”