“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга #12

“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга #12

Хүүхэд эцэг эхийгээ хорвоо дээрх хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн сайн хүмүүс гэж боддогоос гадна үлгэр дуурайл авах хамгийн ойрын хүн нь та байдаг. Тиймээс тэд таны үг хэл, үйл хөдлөл бүхнийг дуурайж өсдөг. Үүнээс гадна өнөөдрийн бидний амьдарч буй нийгэм ихэнх эцэг эхийн төрж, өссөн нийгмээс огт өөр тул, энэ нийгэмд иргэн болж төлөвших хүүхдийг хүмүүжүүлэх арга барил өөр байх ёстой. Та хүүхэд хүмүүжүүлдэг өөрийн аргаа харьцуулан тунгаана уу:

  1. Ярилцах, сонсох, хамт байх цаг гарга.

Одоогоос ердөө 20-оод жилийн өмнө одоогийнх шиг олон телевиз, радио байгаагүй учир эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцах, үлгэр домог ярьж, бага насныхаа хөгтэй явдал, дурсамж дурдатгалаа хуваалцаж, гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлэх цаг хангалттай гардаг байжээ. Ингэснээрээ эцэг эх хүүхэдтэйгээ ойр дотно байж чаддаг байж. Харин өнөөгийн гэр бүлүүд телевиз, компьютер, гар утсандаа анхаарал хандуулах нь ихэсч, аажим аажмаар хоорондын амьд харилцаа нь багассаар байна. Та ажлаа сайтар төлөвлөн, хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ ярилцах, биесээ сонсож, хамт байх цагийг зориуд гаргаж, дотно харилцаагаа тэдэнд мэдрүүлээрэй. Та өнөөдөр л хүүхдээ сонсохгүй бол хэзээ нэг өдөр өөр хэн нэгэн таны хүүхдийн зүрх сэтгэлийг сонсоод, дуртай зүгтээ хөтлөх болно шүү. 

  1. Шийдэмгий боловч эерэг бай

Дуу хоолойгоо өндөрсгөлгүй хэвийн өнгөөр яривал хүүхэд таныг улам сайн ойлгоно. Хашгичих хэрэггүй “би ууртай байна. Дараа ярилцъя гэж уур уцаараа барь. Эсвэл хүүхэд юу хийх хэрэгтэйг сайн зааж өг. Эерэг үгээр ярилц. Загнаж зандралаа боль, заналхийлэлгүйгээр тайлбарла.Уян хатан, ухаалаг бай. Түүнийг сайшаах, хөдөлгөх аргаа ол.

  1. Өөрөө үлгэрлэ.

Аливаа зүйлийн учрыг олж хийх арга ухаан, асуудлыг шийдэж, амьдралд биеэ авч ур чадварыг хүүхэд эцэг эхээсээ харж суралцдаг. Цэвэрч нямбай айлын хүүхэд цэвэрч нямбай болдог шиг атаархуу, худалч эцэг эхтэй хүүхэд мөн л атаач, худалч болдог. Тиймээс юуны түрүүн та өөрийнхөө дутагдалтай талыг анзаарч, түүнийгээ засахыг хичээх нь чухал. Улмаар хүүхдийнхээ дэргэд бусдыг муучлах, худал хэлэх, хэрүүл хийх, залхуурч хэвтэхээс зайлсхийгээрэй. Өөрөөр хэлбэл та өөрөө тамхи татдаг бол хүүхдээ тамхи татлаа гэж шийтгэх, та өөрөө ажил хийхгүй, телевиз үзэж суух дуртай бол хүүхдээ залхуу байна гэж загнаж, шийтгэх нь шударга бус юм.

  1. Хүүхдээ хүндэлж, магтан сайшаа.

Хүүхдээ загнаж, аливаа шаардлага тавихдаа муу үгээр харааж, доромжилж, нэр төрд нь халдахаас үргэлж зайлсхийж байгаарай. Ингэснээр та хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг дэмжиж өгөхөөс гадна хичнээн уурласан ч соёлтой байж, бусдыг хүндлэх аргыг зааж сургаж байдаг.

Мөн хүүхдийнхээ хийсэн сайн зүйлсийг тийм байх ёстой мэтээр хүлээн авч, болохгүй байгаа зан аашийг нь байнга шүүмжлээд байж болохгүй. Хүүхдийнхээ хийсэн бага ч гэсэн зүйлийг анзаарч, магтан урамшуулж байх нь хүүхдэд “Үүнээс ч илүү сайн” хийх гэсэн хүсэл төрүүлдэг ач холбогдолтой зүйл юм. Гэхдээ магтахад  учир бий. Ихэнх хүмүүс хүүхдээ онц авчихлаа гээд ирэхээр нь “Өө, ёстой сайн байна. Ёстой мундаг байна” гэж хэлдэг. Гэхдээ тэгж хэлэхийн хажуугаар “Миний хүү/охин өчигдөр орой гэрийн даалгавраа сайн хийсэн болохоор, хичээл дээрээ анхааралтай суусан болохоор, багшийнхаа хэлснийг сайн ойлгосон болохоор онц авсан байна. Баяр хүргэе чи үнэхээр мундаг шүү” гэж хэлж байвал хүүхэд онц авахын тулд олон зүйлийг сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно. Харин зүгээр л “сайн байна” гэж хэлдэг бол хүүхэд хүнээс хуулаад юм уу, өөр ямар ч аргаар хамаагүй онц авч л байвал сайн гэж ойлгож болзошгүй.

  1. Үглэхээс татгалз.

Нэг зүйлийг олон давтан хэлэхээр үглэсэн болдог шүү дээ. Тиймээс хүүхдээсээ(ялангуяа өсвөр насны) хүсэж, шаардаж буй аливаа зүйлийг 2-аас дээш удаа хэлэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв нэлээд нухацтай асуудлыг хүү/охин чинь хүлээж авахгүй байвал гэр бүлийн хурал хийж, арай өөр байдлаар ярилцаж болно.  Гэр бүлийн хурал дээр хүүхдийг “үг сонсдоггүй” гэж шүүмжилсэн байр сууринаас бус, “Ээж/аав нь чамаас ийм зүйлийг хүсэж байна. Яагаад хүлээж авдаггүй юм бэ? Цаашид хүлээж авна гэж ойлгож болох уу?” гэж нүүр нүүрээ харж байгаад, дуугаа өндөрсгөхгүй, харилцан ярилцлага хийж хоорондоо ойлголцох нь үр дүнтэй.

  1. Зодож шийтгэхээс татгалз.  

“Би багадаа зодуулж өссөн. Тэглээ гээд муудсан зүйл алга” гэж маш олон хүн хэлдэг. Гэвч ихэнх эцэг эхчүүдийн өсөж торнин, ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч байсан социалист нийгмийн үед хамгийн дуулгавартай, нам засгаас өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлдэг, хамт олныхоо аясаар явдаг хүнийг “сайн хүн” гэж тодорхойлдог байсан бол өнөөгийн нийгэмд өөртөө итгэлтэй, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, эрсдэл болон аливаа зүйлээс айж бэргэхгүй ажиллаж чадаж байгаа хүн амжилтанд хүрч, өндөрөөр үнэлүүлж байна. Гэтэл эцэг эхчүүдийн хамгийн эцсийн бөгөөд үр дүнтэй гэж үздэг “алганы амт” нь хүүхдэд ухамсарын бус айдсын хүмүүжлийг суулгадаг ба сэтгэл санааны дарамтыг давхар агуулдаг. Байнга зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс хулгадаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дууриагч болгон төлөвшдөг байна.