Хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой Монгол ёс заншил, хорио цээр #13

Хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой Монгол ёс заншил, хорио цээр #13

Монгол ёс заншил нь хүүхдэд болох болохгүйг мэдүүлэх тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харилцахад сургах зорилгыг агуулдаг тул эртнээс өдөр тутмын амьдралдаа мөрдөж иржээ.

Зан төлөв, харилцааны талаарх Монгол ёс заншил:

  • Үг дагавал ухаантай болно.Үлгэр дагавал цэцэн болно.
  • Үгнээс үг авна. Ухаанаас ухаан авна.
  • Хүүхдэд өвлүүштэй үг хэлж бай, үг чинь худал бол сэтгэлийн дөлийг бөхөөнө
  • Худал хэлдэггүй, хүмүүсийн хооронд хов зөөдөггүй
  • Амад хүний дээд талд суудаггүй
  • Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй
  • Хүний өмнүүр орж ярьдаггүй
  • Зочны өмнүүр гүйдэггүй
  • Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй
  • Хүний толгой, малгайд хүрдэггүй
  • Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй
  • Хүний хийморь лундаа мөрөнд нь байх учир настны мөрөнд хүрдэггүй

Эмх цэгцийн талаарх Монгол ёс заншил:

  • Аяга, тавгаа хураалгүй замбараагүй хонуулвал өрөнд орно
  • Цүнхний амыг онгорхой орхивол гарз гарна
  • Ороо хураалгүй орхивол тэр өдөртөө ажил нь бүтэхгүй
  • Авдрын тагийг онгорхой орхивол гарз гарна
  • Халбагаа аягандаа хийж үлдээвэл ажил бүтэхгүй

Хооллолтын талаарх Монгол ёс заншил:

  • Цайгаа уулгүй дутуу охивол амны хишгээ барна
  • Зогсоогоор хооллох , тэр тусмаа өглөөний цайгаа ингэж уувал тэр өдрийн ажил бүтэхгүй
  • Хэвтээгээрээ хоол идвэл өвчин тусна
  • Буруу харж сууж хоол идвэл бусадтай хэрэлдэнэ
  • Цагаан будаа асгаад түүхгүй бол ширхгийн тоогоор өрөнд орно

Эрүүл ахуйн талаарх Монгол ёс заншил:

  • Хуруугаа хөхвөл шүд нь унана
  • Самандаа сэвээ үлдээвэл ажил нь бүтэхгүй
  • Зуухны үүдэнд хогтой хонодоггүй
  • Эмэгтэй хүн үснийхээ үзүүрийг амандаа хийвэл зовлонд унана
  • Орой усанд явбал муу юманд хорлогдоно
  • Эмэгтэй хүн завилж суувал нөхөрт гарахгүй
  • Хоёр хүн хөлийнхөө улыг нийлүүлбэл муудалцана
  • Тургивал усан бороо орно

Эд юмтай харилцах Монгол ёс заншил:

  • Босгон дээр гишгэвэл тэр айлдаа гарз дуудна
  • Хаалга савбал муу юм цуглана
  • Хаалга алдалвал  олзны үүдийг хаадаг
  • Тотгоноос зүүгдвэл зовно
  • Хана дөрөөлбөл гал голомт сүйднэ
  • Багана түшвэл  зовлон үүрнэ
  • Давс асгавал зуурдын гай ирнэ
  • Аягаа харшуулбал хэрэлдэнэ
  • Ширээ, авдар дээр суувал өрөнд орно
  • Хүүхдийн хувцас гадаа хоновол муу юм шүгэлнэ
  • Уурган дээгүүр гишгэвэл мал үхнэ

Осол гэмтлээс сэргийлэх Монгол ёс заншил:

  • Хайчны ам ангайлгаж тавибал хонинд чоно орно
  • Бороо ороход хаалга голлож суувал аянганд цохиулна
  • Тулга тойроод гүйж харайвал голомтоо сүйдэлнэ
  • Харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумсаа авбал замд төөрнө
  • Галаар тогловол гай ирнэ
  • Хутга мэсний ирийг дээш нь харуулж тавибал хэрүүл тэмцэл болно
  • Хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулбал хэрүүл болно
  • Унинаас зүүгддэггүй
  • Чихээ төмрөөр ухвал буян барагдана

Байгалтай харилцах Монгол ёс заншил:

  • Амьтан, хорхой шавж албал нүгэл болно
  • Газар шороо хөндөж сүйтгэвэл түүний эзэн садваг хилэгнэнэ
  • Гол горхины усанд сүү цагаа хийвэл лус савдаг хилэгнэнэ
  • Галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийвэл галын бурхан хилэгнэнэ
  • Гал руу сонгины хальс хийвэл эцэг малын нүд сохорно
  • Булгийн эхэнд гэрээ баривал лус хилэгнэнэ гэж үзэж сургадаг билээ.