‘‘ХҮҮХЭД БҮРТ’’ АППЛИКЭЙШН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын санаачлагаар хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэгийг олон нийтэд түгээх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эцэг эхчүүдэд таниулах зорилготойгоор ‘‘Хүүхэд бүрт’’ нэртэй утасны аппликэйшнг гаргалаа.

Үр хүүхэдтэй болно гэдэг хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг хэдий боловч өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Хүүхэд хүмүүжлэх олон аргууд, хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд тус болох олон арга замууд байдаг ч түүний талаар ихэнх эцэг эхчүүд мэдээлэлгүй байдаг. Тэгвэл та бүхэн энэхүү аппликэйшнээр дамжуулан хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгаалалтай холбоотой бүх мэдээллийг системтэйгээр, ойлгомжтойгоор авах боломж бүрдээд байна.

Уг апп нь ерөнхий гурван ангилалтай. Хүүхэд 6-12 нас, 13-18 нас, гэр бүл асран хамгаалагч гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Мэдээллийг ийнхүү насны ангиллаар буюу өөрт тохирсноороо хүлээн авах нь аппын гол онцлог. Мөн мэдээллээс гадна эцэг эхчүүдэд зориулсан сорил, хөтөч, хүүхдүүдэд зориулсан тоглоом зэргийг агуулсан байна.  

Дэлхийн Зөн ОУБ нь  2017 оноос ‘‘Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход эх дэлхийгээр нэгдье’’ уриан дор 5 жилийн хугацаатай хүүхэд хамгааллын аяныг өөрийн үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй орнууддаа зохион байгуулж байна. Уг апп нь энэхүү төслийн нэг хэсэг бөгөөд аппын технологийн түншээр ‘‘Апприл ХХК’’ ажиллажээ.