Бие махбодын шийтгэл

         Шийтгэл гэдэг нь хүүхдийн сөрөг ааш авир, үйлдэл, хандлагыг засахын тулд, ихэнхдээ ээж аав нарын хүүхдэдээ авдаг арга хэмжээ билээ. Хүүхдийг шийтгэснээр томчууд асуудлыг даруй зогсоож, хүүхэд хурдан тусгаж авна гэж боддог. Гэтэл энэ бол маш том эндүүрэл юм.

Бие махбодын шийтгэл нь үнэндээ хүчирхийллийн нэг хэлбэр. Хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор ямар нэг өвдөлт, таагүй байдал үүсгэн биеийн хүчийг ашиглах нь ҮНЭХЭЭР БУРУУ АРГА. Томчууд хүмүүжүүлж байна гээд “Алгадах, цохих, бүс, саваа, гутал, мод, халбага зэргээр зодох, түлхэх, сэгсрэх, хүүхдийг шидэх, маажих, чимхэх, хазах, үснээс зулгаах, чихнээс татах, саваадах, тааламжгүй байдалд хүчээр зогсоох, түлэх, хүчээр идүүлэх” гэх мэт үйлдэл хийх нь хүүхдийг дорд үзсэн хандлага бөгөөд өсөлт хөгжлыг хоцрогдолтой болоод зогсохгүй сэтгэл санаа, зан авир, төлөвшилд ч муугаар нөлөөлдөг.

 

Нөгөө талаар сэтгэл санааны дарамт буюу үглэх, загнах, орилж, хашгирах, хараах, сандаргах, гомдоох, таагүй хандах, нэр хочоор дуудах, ичгүүртэй байдалд оруулах, хэнд ч хэрэггүйд тооцох, хүүхдийн сэтгэлийг сэвтээх, үг хэлээр дайрах, доромжлох, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, дарангуйлах, хууран мэхлэх, үгүйсгэх, тусгаарлах, ялгавартай хандах, сэтгэл хөдлөлийг үл ойшоох, ганцааранг нь хорих, гар утас, интернет зэрэг мэдээлэл харилцааны технологи (“кибер хүчирхийлэл гэж нэрлэдэг”) ашиглан дарамтлах, дээрэлхэх зэрэг хэлбэрүүд нь бие махбодын шийтгэлийн нэгэн адил хүүхдэд хорт муу нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эх, асран халамжлагчид анхаарах нь зүйтэй.     

Хүүхэд бие махбодын шийтгэл болон сэтгэл санааны дарамтын хэд хэдэн хэлбэрт зэрэг өртөх нь бий.

Эерэг хүмүүжлийн арга болон бие махбодын шийтгэл буюу хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн тархины ялгааг харьцуулсан зургаас нөлөөллүүдийг харж чадна.