Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #1

Цахим орчинд өөрийгөө хамгаалж сур

Интернет бидэнд хэрэгтэй мэдээллээ олж авах, найзуудтайгаа харилцах зэрэг олон давуу тал өгдөг ч буруу ашиглавал дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй. Тиймээс цахим орчинд өөрийгөө хамгаалахын тулд дараах дүрмийг бид баримтлах хэрэгтэй.

Болохгүй!!!

Овог нэр, гэрийн хаяг, нас, сургууль, анги, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ хэнд ч битгий өг.

Танихгүй хүнтэй интернетээр харилцаж болохгүй. Чи өөрийн үеийн охин эсвэл хүүтэй интернетээр найз боллоо гэж төсөөлье. Гэвч тэр найз чинь үнэхээр чиний бодож байгаа шиг чиний үеийн хүүхэд мөн эсэхийг мэдэх аргагүй. Магадгүй 40 настай, хүүхдийг хүчирхийлэгч этгээд худал нэр, хаяг, зураг ашиглан чамтай найз болсон байж мэднэ. Ийм тохиолдол олон гардаг тул хэнд ч хувийн мэдээллээ өгч болохгүй шүү.

Өөр хүний гар утас, компьютерыг бүү ашигла. Олонх тохиолдолд хүүхдүүд өөр хүний утас, компьютер дээр өөрийн фэйсбүүк, инстаграм, и-мэйл хаяг руу ороод, өөрийн эдгээр хаягаасаа гарахаа мартаж орхисноор хүмүүс чиний хаягийг ашиглаж, худал мэдээлэл, сөрөг зүйлс тараадаг. Тиймээс зөвхөн гэрийнхээ гар утас, компьютерыг ашиглаарай.

Анхаараарай!!!

Цахим орчин дахь өөрийн хаягтаа аюулгүй байдлын тохиргоог хийж сур. Фэйсбүүк, инстаграм гэх мэт нийгмийн сүлжээнүүдэд чиний хувийн хаяг дээр чиний зөвшөөрөлгүй хэн ч зураг, сэтгэгдэл үлдээх боломжгүй тохиргоог хийж сурах хэрэгтэй.

Цахим орчинг өөрийгөө хөгжүүлэхийн тулд зөв хэрэглэж сураарай.