Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #5

 

Амралт, зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа ханга

Ангиараа эсвэл найзуудаараа зугаалгад явахад дараах дүрмийг дагаарай.

Ямар ч нөхцөлд чамайг орхиж явахгүй итгэлтэй сайн найзтайгаа хамт яваарай.

Гал түлж, түүдэг асаахдаа түймэр гаргахгүйн тулд галаа элс, шороогоор мана. Шаардлагагүй бол гал битгий асаа.

Маш сайн сэлж чаддаггүй л бол гол, нуурын усанд битгий ор.

Шаардлагатай нөхцөлд ашиглах халаасны мөнгө заавал авч үлдээрэй.

Аялал зугаалгын үеэр танихгүй хүний өгсөн зүйлийг авч ууж, идэж болохгүй. Уух ундаа, усаа өөрөө задалж байж уугаарай.

Архи, тамхи, мансууруулах бодис зэрэг мэдэхгүй зүйлээ битгийй хэрэглэ

Архи, тамхи, газ гэх мэт зүйлсийг хэзээ ч битгий туршиж үз. Чи сонирхолдоо хөтлөгдөн хэрэглэж үзлээ гэхэд ухаан балартах, тэнцвэрээ алдах гэх мэт олон төрлийн гаж нөлөөг чиний биед үзүүлж, чи ямар эрсдэлд өөрийгөө оруулахыг мэдэхгүй. Энэ бол маш олон төрлийн хор уршигтай учир чи насан туршдаа харамсаж болзошгүй. Тиймээс эхнээсээ хэрэглэхгүй байх нь чамайг эрсдэлээс хамгаалж чадна.

Хэрэв бусад хүүхдүүд чамайг архи уухыг эсвэл тамхи татахыг чамд тулгавал шууд “Үгүй би хүсэхгүй байна” гэж хэлээрэй. Мөн өөрийн шийдвэртээ тууштай зогсоорой.

Муу найзуудаасаа холд, уулзахаа боль

Чамайг муу зүйлд уруу татдаг, чиний итгэлийг алдаж, чамд худлаа хэлдэг найзуудаас зайгаа барь. Тэдэнтэй найзлах шаардлагагүй. Муу найзуудаасаа эртхэн холдох нь өөрийгөө аюулаас хамгаалахад чамд тустай. Ихэнх тохиолдолд хүүхдүүд муу найзуудынхаа үгэнд орж хичээлээ тасалж эхэлдэг бөгөөд энэ явдал нь даамжирсаар тамхи, архи, бусдыг дээрэлхэх зэрэг буруу зуршилд хөтөлнө. Тиймээс хэн нэгэн найз чинь чамайг муу зүйлд уруу татвал шууд “Би боломжгүй, завгүй. Гэрт хийх ажил их байгаа” гэж хэлэн татгалз. Мөн найз чинь яаж ч гуйсан өөрийн шийдвэртээ бат зогс.