Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #6

Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө хамгаал

Хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах эрхтэй учир хэнийг ч битгий дарамтал, бүү дээрэлх.

                 Дээрэлхүүлсэн хүүхэд сэтгэл гутралд орох, амиа хорлох хүртэл үйлдэл хийдэг учир хэн нэгнийг дээрэлхэж болохгүй. Мөн бусад хүүхдийг дээрэлхэх нь чиний нэр хүндэд муугаар нөлөөлж, хүүхдүүд чамд дургүй болох бөгөөд чи найзгүй, ганцаардмал нэгэн болж үлдэнэ.

Үе тэнгийнхэн чинь чамайг дарамталж, дээрэлхвэл өөрийгөө хамгаал, тусламж ав.

                 Хэрэв чамайг хэн нэг хүүхэд дээрэлхэж, дарамталвал “Боль! Намайг явуул” гэж өөртөө итгэлтэй чанга хэл. Хэрэв чамайг явуулахгүй бол аав, ээж, багш зэрэг итгэлтэй хүмүүст хэл хүргэ, тусламж дууд. Хүүхдийн эрхийн тухай хууль, Боловсролын тухай хуулиар сургуулийн орчинд багш, сурагчид, сургуулийн ажилтан гээд хэн ч чамайг дээрэлхэж, дарамтлах ёсгүй бөгөөд сургууль хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэх үүрэгтэй.

Хэн нэгэн хүүхэд дарамтлуулж, дээрэлхүүлж байхыг харвал тусламж дууд.

                 Хэн нэгэн хүүхэд дээрэлхүүлж байхыг харвал тухайн нөхцөл байдлаас хамаарч “Цагдаа ирж байна! Багш ирж байна” гэж чанга орил. Хэрэв дээрэлхэж байгаа хүүхдүүд явахгүй бол том хүмүүсээс тусламж хүс, тусламж дууд.

Аюултай нөхцөлд орвол тусламж дууд

Шаардлагатай нөхцөлд бусдаас тусламж гуйхад ичих зүйл байхгүй гэдгийг санаарай.

Өөрийгөө хүнд нөхцөлөөс аврах хамгийн энгийн арга бол хүмүүсийн анхаарлыг татаж “туслаарай” гэж хашгирах юм. Чанга хашгирахад хүмүүс чамайг аюулд орсон гэдгийг шууд мэдэх болно.

Гадаа гудамжинд явж байгаад аюул учирвал ойр орчимд байгаа том хүмүүсээс тэр дундаа хүүхэдтэйгээ яваа хүмүүсээс тусламж хүсээрэй.

Яаралтай тусламж үзүүлдэг дараах утасны дугааруудыг заавал цээжлээрэй. Эдгээр утас руу хэзээ ч тоглож эсвэл сонирхож залгаж болохгүй шүү. Хэн нэгэн аюулд орсон нөхцөлд чиний тоглож дуудсан дуудлагаас болж тусламж авч чадахгүй болно.

101 Гал команд

102 Цагдаа

103 Эмнэлгийн түргэн тусламж

105 Онцгой байдал

107 Гэр бүлийн хүчирхийлэл

108 Хүүхдийн тусламжийн утас

Хүүхдийн тусламжийн утас 108 нь зөвхөн хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгч тусламж үзүүлэх зорилготой, 24 цагийн турш үнэ төлбөргүй ажилладаг утас юм. Тиймээс хүүхдүүд та нар өөрт чинь эсвэл найз нөхөд, хэн нэгэн хүүхдэд тусламж шаардлагатай байгааг мэдвэл 108 утсанд хандаарай.