Эцэг эхчүүд, томчууд яагаад бие махбодын шийтгэлийг хэрэглэдэг вэ?

Бие махбодын шийтгэл нь “зарим болдоггүй хүүхдэд” тус болдог гэж хэлдэг. Энэ нь “хэцүү” хэмээх хүүхдэд тохирох сайн арга төдийгүй хүүхдийн буруу үйлдлийг нэн даруй зогсооход тохирсон арга гэж хүмүүс боддог. Зарим хүн “Би багадаа аав ээждээ зодуулж л байсан одоо зүгээр л байна. Харин буруу зүйл хийж зодуулаад их зүйлийг ойлгож ухаарсан” гэж хандах нь түгээмэл. Зодуулахын буруу гэж огт байхгүй гэж аав ээжүүд ярьдаг.

 

Яагаад бие махбодын шийтгэл гэж

Шийтгэлийн нөлөө, үр дагавар

  • Түргэн, харьцангуй хялбар арга

Шийтгэхэд хүүхэд тэр дороо буруу үйлдлээ зогсоож болох ч нэгэнт төлөөсөө төлчихсөн юм чинь гэж бодон алдаагаа давтсаар байдаг.

  • “Санаандаа хүрч л байвал дараа  учир нь олдоно биз”.

Хурцадмал байдлыг хүчээр шийдэж, хүүхдийн авирыг зогсоож болох ч цаашид зан үйлд нь сөргөөр нөлөөлж, бусдад хохирол учруулж, гэмтээж ч болзошгүй.

  • “Яс маханд нь мэдрүүлж байж л хүн болж өсдөг” .

Шийтгэл нь бүх хүүхдийг өвтгөдөг, ялангуяа эмзэг хүүхдийн хувьд  илүү хүнд шархалдаг.

  • “Хүүхдийн зөрүүд байдлыг хурдан засах хэрэгтэй”

Шийтгэл нь хүмүүжүүлэх арга биш, хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай, үнэ цэнээ мэдэрдэггүй болдог.

  • “Хүүхдэд эцэг эхийн хүч чадал, эрх мэдлийг мэдүүлэх”

Өөрийнх нь эрх мэдлийг олж хараад эцэг эхээ хүүхэд хүндэлнэ гэж боддог ч улам ууртай болж томчуудаас өшөөгөө авах хүсэлтэй болдог.

  • “Шийтгэлийн үр дагавар  хамаагүй. Буруу зүйл хийсэн бол хариугаа хүртэх ёстой”.

Шийтгэл нь ёс зүй, сахилга батжуулахын эсрэг арга хэмжээ болдог. Гэр бүл болон нийгэмд хэрцгийллийн тойрог үүсгэдэг. Хүчирхийлэл асуудлын шийдэл гэж боддог учир бүх асуудлыг үүгээр шийдэж сурдаг.

  • “Шийтгэхгүй өнгөрвөл хүүхэд муу зан сурна”.

Шийтгэл нь муу зан авирыг засдаггүй, харин буруу зан авирыг улам ихээр бий болгодог.

  • “Өөр арга алга, би ч бас зодуулж л хүн болсон.”

Шийтгэл нь хүүхэд эцэг эх, асран халамжлагч нарын хоорондох эрхэм харилцааг сүйтгэдэг. Ээж аав нь хайртай гэж хэлдэг мөртөө зодохоор тэдний хайртай эсэхэд эргэлздэг .

  • Эхнэр эсвэл нөхөртөө уурласан уураа хүүхдэдээ гаргадаг.

Хүүхэд ах эгч, дүү эсвэл найзууддаа мөн адил уураа гаргадаг. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ буруу илэрхийлж сурдаг.

  • Хүүхдүүдэд тайлбарлах шаардлагагүй тэд ойлгохгүй учраас цаг үрэх хэрэггүй.

Шийтгэлийг эхлээд хийвэл гол асуудлыг олж харж чаддаггүй. Тиймээс хүүхдээ бүрэн ойлгохгүй учраас  хүүхэд гутранги болж, хэн ч намайг ойлгодоггүй, хүлээж авдаггүй гээд амиа хорлох тухай боддог, оролдлого хийдэг

Тэгэхээр дээрх хүснэгтээ дүгнээд харвал хүүхдийг зодож шийтгэх нь хандлага зан аашийг нь өөрчлөхөд тус болохгүй гэдгийг эцэг эх, асран халамжлагч нарт дахин хэлмээр байна. Яагаад гэвэл, хүүхдийг биеэр шийтгэж, эвгүй байдалд оруулах нь хэзээ ч сайн үр дүнг авчрахгүй, сайн зөв хүн болгохгүй юм. 

  • Хүүхдийн зан аашийг улам түрэмгий догшин болгож, томчууд болон хүүхдийн ээлжит биеийн хүчирхийллийг бий болгодог.

  • Тухайн үед хүүхдийн гаргасан зан ааш яагаад буруу байсныг ойлгуулаагүйгээс, цаашид зөрчилтэй, замбараагүй, зожиг зан авирыг хүүхэд гаргадаг болно.

  • Томчууд болон хүүхдийн хоорондын харилцаанд нөлөөлдөг. Хүүхдэд айдас, уур хилэн, санаа зовнингуй байдлыг бий болгож, том хүнээс зугтаж, зай барихад хүргэдэг.

  • Хүнд шийтгэл хүүхдэд өөртөө итгэлгүй байдлыг бий болгож, биеэ хамгаалах чадваргүй, эвгүй байдалд орсон мэдрэмжийг хүүхдэд төрүүлдэг.

  • Ирээдүйд ч үүсгэх дотно харилцаанууд, ялангуяа гэр бүлийн харилцаа нь хүчирхийлэл дээр тогтох магадлал маш өндөр хувьтай байдаг.

  • Маш олон эцэг эх, багш, асран халамжлагчид томчуудын хувьд, хүүхдэд “юм заах”, эсвэл тэдний зан авирыг өөрчлөх гэсэн оролдлого нь биеийн хүчирхийлэл болж хувирдаг юм шүү гэдгийг сануулж байна.

  • Томчууд хүүхдийг шийтгэснээр хүссэнээ хийлгэж чадахгүй.

  • Шийтгэл хүүхдийг эцэг эх, багш болон бусад эрх мэдэлтэй хүмүүсээс айхад хүргэдэг. Энэ айдсаасаа болоод тэд сургууль дээрээ тийм ч сайн гүйцэтгэлтэй байж чаддаггүй.

  • Хүүхдүүд өөрсдийг нь айлгадаг нөхцөл байдал болон хүмүүсээс зугтаж эхэлдэг. Тэд нуугдаж, гэрээсээ явж, сургуулиа хаяж болзошгүй.

  • Хүүхэд эцэг эх, багш нарынхаа хүртээдэг шийтгэлээс айх тусам нөхцөл байдал бүр дорддог.

  • Хүүхэд зодуулж, шийтгүүлэх тусмаа улам идэвхгүй, улам таарамжгүй болдог.

 

Эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл мөн эхэнд үзүүлдэг шийтгэл болох АЛГАДАХ бөгөөд энэ талаар доорх нотолгоонууд байдаг.

  • Хүүхдийн бөгсөн дээр алгадах нь эцэг эхчүүдийн ялангуяа жаахан хүүхдийг шийтгэдэг ерөнхий нэг хэлбэр юм.

  • Хүүхэд сөрөг ааш авир гаргахад үүнийг эерэг харьцаагаар солих гэж алгадах арга хэрэглэгддэг.

  • Томчууд ууртай байх үед хүүхдүүд ихэвчлэн алгадуулдаг байна.

  • Хөвүүд охидоос илүү их алгадуулдаг байна.

  • Алгадуулдаггүй хүүхдүүдээс илүү алгадуулдаг нь илүү хэрцгий, догшин ааш авир гаргадаг болох нь ажиглагджээ.

  • Хүүхдийг алгадах нь хүүхдэд илүү таагүй мэдрэмж төрүүлж, өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулдаг.

  • Хүүхдийг шийтгэх нь эцэг эхийнхээ хүссэн зүйлийг тэр дор нь дуулгавартай хийхэд хүүхдийг хүргэдэг ч, урт хугацаанд олон давтагдвал, хүүхдийн сөрөг буруу ааш авирыг улам нэмэгдүүлж, бүр цаашлаад, өсвөр насныхныг гэмт хэрэг болон бусад балагтай үйлдлүүд рүү түлхдэг.

  • Сургууль дээрээ танхай байдаг хүүхдүүд ихэвчлэн гэртээ шийтгүүлдэг хүүхдүүд байдаг.

  • Хүүхдийг үе үе алгаддаг хүмүүс өөрсдөө багадаа алгадуулдаг байсан хүмүүс байдаг.