Хүүхдийг зодож шийтгэсээр байхуу

9 настай Тэргэл хүү, 11 настай Туул охин аавдаа байнга зодуулдаг. Ээж нь хүүхдүүдээ ааваас нь өмөөрвөл ээжтэйгээ хамт зодуулна. Аавын хоёр хүүхдээ зоддог шалтгаан нь хүүхдээ хүмүүжүүлэх, ажилд сургах, амьдрал ойлгуулах. Хүүхдүүд байнга тоншуулсаар байгаад толгойдоо зөндөө олон сорвитой болсон. Ийм байдалтай сургуульдаа явахаас ичиж нэг, хоёр хоногоор хичээлээ тасалсаар сургуулиас завсардаад нэг жилийн нүүрийг үзэж байгаа ажээ. Хүүхдүүд өдөр ирэх тусам өсөн том болж ухаан орохын хэрээр зодуураас ангижрахыг хүсч аавыгаа цагдаад өгөв. Тэднийг гэрээс нь авч явахад тэдний санаа амарч дахин гэртээ харихыг хүссэнгүй. Гэтэл аав, ээж хоёр нь уйлж дуулан хүүхдүүдээ буцааж авахыг хүсэх юм. Энэ бол Монгол улсын аль ч сум хорооноос олж болох нийтлэг түүх. 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утсанд аав ээждээ зодуулж тусламж гуйсан дуудлага 511 иржээ. Тэргэл, Туул хоёрын түүхийг уншаад та би ч бас арай ингэж зоддоггүй гэж бодож байгаа нь лавтай. Гэтэл эцэг эх бид хүүхдийг зодож шийтгэснээр хүүхдэд ямар муу нөлөө үзүүлдгийг мэддэг билүү. Хүрэх төдий цохих, түлхэх, үглэх, үг хэлээр доромжлох нь хүртэл хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэхүй, зан байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү. Хүүхдийг яагаад зодож болохгүй талаар хэдэн шалтгааныг дурьдвал: Монгол улс 1990 онд НҮБ-ийн Хүүхдийн Эрхийн Конвенцид нэгдэн орсноор хүүхэд бүрийг бүх төрлийн хүчирхийллээс хамгаалах үүргийг төр, эцэг эх хүлээсэн. 2016 онд шинэчлэгдэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6 хэсэгт “Эцэг эх, багш, асран хамгаалагч нар хүүхдийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан байна Хүүхдийн зан аашийг улам түрэмгий догшин болгож өөрт тулгарсан асуудлаа хүчээр шийддэг болно Тухайн үед хүүхдийн гаргасан зан ааш яагаад буруу байсныг ойлгуулаагүйгээс, цаашид идэвхгүй, зөрчилтэй, бүрэг, зожиг зан авирыг хүүхэд гаргадаг болно. Биеийн хүч ашиглан хүнд, хөнгөн хэлбэрийн өвдөлт эсвэл таагүй байдал мэдрүүлэхийг чармайсан аливаа хэлбэрийн шийтгэлийг бие махбодын шийтгэл гэнэ. Хүүхдэд айдас, уур хилэн, санаа зовнингуй байдлыг бий болгож аав ээж болон томчуудаас зугтаж, зай барихад хүргэдэг. Ирээдүйд үүсгэх дотно харилцаа, ялангуяа гэр бүлийн харилцаа нь хүчирхийлэл дээр тогтох магадлал маш өндөр хувьтай байдаг. Томчууд хүүхдийг шийтгэснээр хүссэнээ хийлгэж чадахгүй. Шийтгэл хүүхдийг эцэг эх, багш болон бусад эрх мэдэлтэй хүмүүсээс айхад хүргэдэг. Энэ айдсаасаа болоод хүүхдийн сурлага муудах төдийгүй, гэрээсээ дайжих, улмаар сургуулиа хаяж ч болзошгүй. Энэ бүгдийг дүгнэн хэлэхэд хүүхдийг үг хэлээр доромжлох, зодох хууль бус төдийгүй хүүхдийн ирээдүйн амьдралыг сүйтгэж байдаг учир хүүхдээ аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй сайн хүн болгож өсгөхийг хүсдэг хүний хийх сонголт биш юм. Тэгвэл хүүхдээ загнаж, зодохгүйгээр хэрхэн эерэгээр хүмүүжүүлэх вэ? Хүүхдээсээ яагаад ийм үйлдэл хийх болсныг асууж ойлгох. Хүүхэд ядарсан, өлссөн, уйдсан гэх мэт шалтгаан байж болно. Хүүхэд чинь эсвэл та ууртай байвал завсарлага аван тайвширсан хойно асуудлаа ярилцан шийд Хүүхдийн гаргасан алдааг тайвнаар тайлбарлан ойлгуул. Ингэхдээ дахин ижил алдаа гаргахгүйн тулд яах ёстойг хамтдаа ярилцах Гэрийн дүрмийг хамтдаа гаргах, ингэхдээ хамт тоглох, хоол хийх, оройн хоолоо хамтдаа идэх, ярилцах зэрэг гэр бүлээрээ өнгөрөөх цагийг төлөвлөх. Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх нь хүүхдийг ирээдүйд өөртөө итгэлтэй, сайн хүн болгож төлөвшүүлэх төдийгүй танд ч бас хүүхэдтэйгээ ойр дотно байх боломжийг олгодог. Хүүхэд аав, ээж орчин тойрныхоо хүмүүсийг харж даган суралцдаг тул та хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлээрэй. Та хүүхдийн эрх хамгаалал, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар www.huuhedburt.mn болон ”Хүүхэд бүрт” гар утасны аппликэйшнаас аваарай. Хүүхэд нэг эрдэнэ Хүмүүжил мянган эрдэнэ

Дэлгэрэнгүй »
‘‘ХҮҮХЭД БҮРТ’’ АППЛИКЭЙШН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын санаачлагаар хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэгийг олон нийтэд түгээх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эцэг эхчүүдэд таниулах зорилготойгоор ‘‘Хүүхэд бүрт’’ нэртэй утасны аппликэйшнг гаргалаа. Үр хүүхэдтэй болно гэдэг хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг хэдий боловч өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Хүүхэд хүмүүжлэх олон аргууд, хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд тус болох олон арга замууд байдаг ч түүний талаар ихэнх эцэг эхчүүд мэдээлэлгүй байдаг. Тэгвэл та бүхэн энэхүү аппликэйшнээр дамжуулан хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгаалалтай холбоотой бүх мэдээллийг системтэйгээр, ойлгомжтойгоор авах боломж бүрдээд байна. Уг апп нь ерөнхий гурван ангилалтай. Хүүхэд 6-12 нас, 13-18 нас, гэр бүл асран хамгаалагч гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Мэдээллийг ийнхүү насны ангиллаар буюу өөрт тохирсноороо хүлээн авах нь аппын гол онцлог. Мөн мэдээллээс гадна эцэг эхчүүдэд зориулсан сорил, хөтөч, хүүхдүүдэд зориулсан тоглоом зэргийг агуулсан байна.   Дэлхийн Зөн ОУБ нь  2017 оноос ‘‘Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход эх дэлхийгээр нэгдье’’ уриан дор 5 жилийн хугацаатай хүүхэд хамгааллын аяныг өөрийн үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй орнууддаа зохион байгуулж байна. Уг апп нь энэхүү төслийн нэг хэсэг бөгөөд аппын технологийн түншээр ‘‘Апприл ХХК’’ ажиллажээ.  

Дэлгэрэнгүй »
Өлсгөлөнгийн тухай баримт

Өлсгөлөн буюу хоол тэжээлийн дутагдал бол дэлхийн эрүүл мэндийн хамгийн том заналт дайсан. Өлсгөлөн болж 12 сэкунд дутамд нэг хүүхэд амиа алдаж байна гэсэн харамсалтай баримт бий. Дан ганц өлсгөлөнд нэрвэгдсэн байдлаас нь хоол тэжээлийн дутагдалтай байна гэдэг нь хүн төрөлхтний эрүүл мэндийн том асуудал болж байна. Хоол тэжээлийн хувьд дутагдалтай байх нь хүний өсөлт, хөгжил, эрүүл мэнд зэрэгт асар их сөрөг нөлөөг үзүүлж байдаг.   Өдөрт өлсгөлөнгөөс болж нас барж буй хүний тоо ДОХ, хумхаа, сүрьеэгээр амиа алдаж буй хүмүүсийн нийлбэр  тооноос ч их байна. Өнөөдрийн байдлаар гэхэд дэлхийн хүн амын 925 сая нь тураалд нэрвэгдсэн байна Дэлхий дахинд 7 хүн бүрийн 1 нь орой унтахдаа өлсгөлөн байдалтай унтаж байна. Дэлхий дахинд таваас доош настай 115 сая хүүхэд жингийн дутагдалтай байна Азийн бүс дэлхийн хүн амын хагасыг бүрдүүлж байгаа ба дэлхийн өлсгөлөнд нирвэгдсэн хүмүүсийн гуравны хоёр нь тэнд амьдарч байна

Дэлгэрэнгүй »
Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #2

Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох Хүүхдүүдээ та нар авто зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр, гарцаар гардаг уу? Авто замын хөдөлгөөнд оролцоно гэдэг зөвхөн аюулгүй зам гарахаас гадна машинаар зорчих бас орно. Тиймээс хүүхдүүд та нар машинаар, автобусаар зорчихдоо өөрийгөө найз нараа эрсдэлээс хамгаалаарай. Авто зам хөндлөн гарахдаа заавал гарцтай газраар, ногоон гэрлээр гарч байгаарай. Машин зам гарахдаа хөгжим сонсож, чихэвчтэй явж болохгүй. Машинаар явахдаа суудлын аюулгүйн бүс заавал зүүж занш. Гэр бүлийнхэндээ ч суудлын бүсээ даруулахыг сануулж байгаарай. Мөн бага насны дүүгээ урд талын суудалд хэзээ ч битгий суулгаарай. 6 хүртэлх насны хүүхэд заавал зориулалтын машины суудалд суух хэрэгтэй гэдгийг аав ээждээ хэлээрэй. Хэрэв суух машины жолооч согтуу байвал тэр машинаар хэзээ ч битгий зорч.

Дэлгэрэнгүй »
Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #6

Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө хамгаал Хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах эрхтэй учир хэнийг ч битгий дарамтал, бүү дээрэлх.                  Дээрэлхүүлсэн хүүхэд сэтгэл гутралд орох, амиа хорлох хүртэл үйлдэл хийдэг учир хэн нэгнийг дээрэлхэж болохгүй. Мөн бусад хүүхдийг дээрэлхэх нь чиний нэр хүндэд муугаар нөлөөлж, хүүхдүүд чамд дургүй болох бөгөөд чи найзгүй, ганцаардмал нэгэн болж үлдэнэ. Үе тэнгийнхэн чинь чамайг дарамталж, дээрэлхвэл өөрийгөө хамгаал, тусламж ав.                  Хэрэв чамайг хэн нэг хүүхэд дээрэлхэж, дарамталвал “Боль! Намайг явуул” гэж өөртөө итгэлтэй чанга хэл. Хэрэв чамайг явуулахгүй бол аав, ээж, багш зэрэг итгэлтэй хүмүүст хэл хүргэ, тусламж дууд. Хүүхдийн эрхийн тухай хууль, Боловсролын тухай хуулиар сургуулийн орчинд багш, сурагчид, сургуулийн ажилтан гээд хэн ч чамайг дээрэлхэж, дарамтлах ёсгүй бөгөөд сургууль хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Хэн нэгэн хүүхэд дарамтлуулж, дээрэлхүүлж байхыг харвал тусламж дууд.                  Хэн нэгэн хүүхэд дээрэлхүүлж байхыг харвал тухайн нөхцөл байдлаас хамаарч “Цагдаа ирж байна! Багш ирж байна” гэж чанга орил. Хэрэв дээрэлхэж байгаа хүүхдүүд явахгүй бол том хүмүүсээс тусламж хүс, тусламж дууд. Аюултай нөхцөлд орвол тусламж дууд Шаардлагатай нөхцөлд бусдаас тусламж гуйхад ичих зүйл байхгүй гэдгийг санаарай. Өөрийгөө хүнд нөхцөлөөс аврах хамгийн энгийн арга бол хүмүүсийн анхаарлыг татаж “туслаарай” гэж хашгирах юм. Чанга хашгирахад хүмүүс чамайг аюулд орсон гэдгийг шууд мэдэх болно. Гадаа гудамжинд явж байгаад аюул учирвал ойр орчимд байгаа том хүмүүсээс тэр дундаа хүүхэдтэйгээ яваа хүмүүсээс тусламж хүсээрэй. Яаралтай тусламж үзүүлдэг дараах утасны дугааруудыг заавал цээжлээрэй. Эдгээр утас руу хэзээ ч тоглож эсвэл сонирхож залгаж болохгүй шүү. Хэн нэгэн аюулд орсон нөхцөлд чиний тоглож дуудсан дуудлагаас болж тусламж авч чадахгүй болно. 101 Гал команд 102 Цагдаа 103 Эмнэлгийн түргэн тусламж 105 Онцгой байдал 107 Гэр бүлийн хүчирхийлэл 108 Хүүхдийн тусламжийн утас Хүүхдийн тусламжийн утас 108 нь зөвхөн хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгч тусламж үзүүлэх зорилготой, 24 цагийн турш үнэ төлбөргүй ажилладаг утас юм. Тиймээс хүүхдүүд та нар өөрт чинь эсвэл найз нөхөд, хэн нэгэн хүүхдэд тусламж шаардлагатай байгааг мэдвэл 108 утсанд хандаарай.

Дэлгэрэнгүй »
Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #5

  Амралт, зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа ханга Ангиараа эсвэл найзуудаараа зугаалгад явахад дараах дүрмийг дагаарай. Ямар ч нөхцөлд чамайг орхиж явахгүй итгэлтэй сайн найзтайгаа хамт яваарай. Гал түлж, түүдэг асаахдаа түймэр гаргахгүйн тулд галаа элс, шороогоор мана. Шаардлагагүй бол гал битгий асаа. Маш сайн сэлж чаддаггүй л бол гол, нуурын усанд битгий ор. Шаардлагатай нөхцөлд ашиглах халаасны мөнгө заавал авч үлдээрэй. Аялал зугаалгын үеэр танихгүй хүний өгсөн зүйлийг авч ууж, идэж болохгүй. Уух ундаа, усаа өөрөө задалж байж уугаарай. Архи, тамхи, мансууруулах бодис зэрэг мэдэхгүй зүйлээ битгийй хэрэглэ Архи, тамхи, газ гэх мэт зүйлсийг хэзээ ч битгий туршиж үз. Чи сонирхолдоо хөтлөгдөн хэрэглэж үзлээ гэхэд ухаан балартах, тэнцвэрээ алдах гэх мэт олон төрлийн гаж нөлөөг чиний биед үзүүлж, чи ямар эрсдэлд өөрийгөө оруулахыг мэдэхгүй. Энэ бол маш олон төрлийн хор уршигтай учир чи насан туршдаа харамсаж болзошгүй. Тиймээс эхнээсээ хэрэглэхгүй байх нь чамайг эрсдэлээс хамгаалж чадна. Хэрэв бусад хүүхдүүд чамайг архи уухыг эсвэл тамхи татахыг чамд тулгавал шууд “Үгүй би хүсэхгүй байна” гэж хэлээрэй. Мөн өөрийн шийдвэртээ тууштай зогсоорой. Муу найзуудаасаа холд, уулзахаа боль Чамайг муу зүйлд уруу татдаг, чиний итгэлийг алдаж, чамд худлаа хэлдэг найзуудаас зайгаа барь. Тэдэнтэй найзлах шаардлагагүй. Муу найзуудаасаа эртхэн холдох нь өөрийгөө аюулаас хамгаалахад чамд тустай. Ихэнх тохиолдолд хүүхдүүд муу найзуудынхаа үгэнд орж хичээлээ тасалж эхэлдэг бөгөөд энэ явдал нь даамжирсаар тамхи, архи, бусдыг дээрэлхэх зэрэг буруу зуршилд хөтөлнө. Тиймээс хэн нэгэн найз чинь чамайг муу зүйлд уруу татвал шууд “Би боломжгүй, завгүй. Гэрт хийх ажил их байгаа” гэж хэлэн татгалз. Мөн найз чинь яаж ч гуйсан өөрийн шийдвэртээ бат зогс.

Дэлгэрэнгүй »
Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #1

Цахим орчинд өөрийгөө хамгаалж сур Интернет бидэнд хэрэгтэй мэдээллээ олж авах, найзуудтайгаа харилцах зэрэг олон давуу тал өгдөг ч буруу ашиглавал дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй. Тиймээс цахим орчинд өөрийгөө хамгаалахын тулд дараах дүрмийг бид баримтлах хэрэгтэй. Болохгүй!!! Овог нэр, гэрийн хаяг, нас, сургууль, анги, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ хэнд ч битгий өг. Танихгүй хүнтэй интернетээр харилцаж болохгүй. Чи өөрийн үеийн охин эсвэл хүүтэй интернетээр найз боллоо гэж төсөөлье. Гэвч тэр найз чинь үнэхээр чиний бодож байгаа шиг чиний үеийн хүүхэд мөн эсэхийг мэдэх аргагүй. Магадгүй 40 настай, хүүхдийг хүчирхийлэгч этгээд худал нэр, хаяг, зураг ашиглан чамтай найз болсон байж мэднэ. Ийм тохиолдол олон гардаг тул хэнд ч хувийн мэдээллээ өгч болохгүй шүү. Өөр хүний гар утас, компьютерыг бүү ашигла. Олонх тохиолдолд хүүхдүүд өөр хүний утас, компьютер дээр өөрийн фэйсбүүк, инстаграм, и-мэйл хаяг руу ороод, өөрийн эдгээр хаягаасаа гарахаа мартаж орхисноор хүмүүс чиний хаягийг ашиглаж, худал мэдээлэл, сөрөг зүйлс тараадаг. Тиймээс зөвхөн гэрийнхээ гар утас, компьютерыг ашиглаарай. Анхаараарай!!! Цахим орчин дахь өөрийн хаягтаа аюулгүй байдлын тохиргоог хийж сур. Фэйсбүүк, инстаграм гэх мэт нийгмийн сүлжээнүүдэд чиний хувийн хаяг дээр чиний зөвшөөрөлгүй хэн ч зураг, сэтгэгдэл үлдээх боломжгүй тохиргоог хийж сурах хэрэгтэй. Цахим орчинг өөрийгөө хөгжүүлэхийн тулд зөв хэрэглэж сураарай.

Дэлгэрэнгүй »