Хүүхдээ эерэг зан үйлд төлөвшүүлэх урамшууллын 5 зарчим #8

Хүүхдээ эерэг зан үйлд төлөвшүүлэх урамшууллын 5 зарчим #8 Бодитой, тодорхой гүйцэтгэл, амжилтыг нь магт: Ихэнх насанд хүрэгчид хүүхдийн эерэг зөв зан үйлд бараг анхаарал хандуулдаггүй хэр нь зөвхөн алдаа гаргах, зүггүйтэх үйлдлүүд дээр нь анхаарлаа төвлөрүүлэх нь бий. Хүүхдийн сайн, эерэг зөв зан үйл, хандлагыг нь улам хурцлахын тулд ийм үед нь анзаарч мэдэх нь чухал. Жишээ нь, 6, 7 настай хүүхэд муухан бичдэг, тэгвэл та түүний бичсэн зүйлсээс нь нэг юм уу хоёр зөв бичсэн үгийг нь олоод, тод гаргацтай бичиж, амархан уншигдахаар байгаа учраас танд таалагдаж байгааг хэлж урамшуулж болно. Жишээ нь, та эелдгээр, “Энэ үг маш тод бичигдсэн байна, бас зөв шугаман дээрээ байна” гэх юм уу, “Чи өгүүлбэрүүдийг маш сайн холбосон байна шүү” гэж болно. Хүүхэд бичсэн үгээ хараад, баярлаж өөртөө улам итгэлтэй болон, урам орж таны зааж өгсөн үгийн жишгийг даган улам тод зөв бичиж сурах болно. Хүүхдэд санаагаа эерэг зөвөөр ойлгуулахын тулд, томчуудын хандлага, дуу хоолойны өнгө аяс маш чухал байдаг. Хүндрэл бэрхшээлтэй байгаа, ялангуяа сурлага дээрээ тааруухан байгаа хүүхдэд урам өгөх нь маш чухал юм шүү. Харин сайн сурлагатай хүүхэд аяндаа эцэг эх, багш, найзуудаасаа сайн дүнгийнхээ төлөө эерэг урмын үгс авч байдаг юм.  Тодорхой урам өгөх, давуу талыг нь хэлэх:  Жишээ: “Чи дүүдээ тусалсанд чинь их баярласан шүү. Чи бусадтай ойр дотно, бусдад тусалдаг сайн талаа харууллаа”. “Чамайг хүүхдүүд өдөж, шоолоход хариуд нь тэднийг цохиогүй чинь их сайн байсан шүү. Миний хүү хүчтэй, бас тэвчээртэй юм аа”. Хүүхдийн үзүүлсэн давуу талуудыг та нэрлэж, хэлж өгөхөд, хүүхэд дараа эдгээр үнэт зүйлсийг санадаг. Энэ их чухал бөгөөд хүүхдүүдэд сөрөг хариу үзүүлдэг жам ёсны хариу үйлдлээ өөрчлөхөд нь тусалдаг ажээ. Жишээ нь: өмнөх жишээн дээрх шиг найзаа хариу цохихын оронд, илүү эергээр түүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, тэвчээрийг нь хурцалж өгч байгаа юм. Чин сэтгэлээсээ ханд:  Магтаж урамшуулахад, таны чин сэтгэлээсээ хандаж байгаа эсэх чинь хүүхэд хэр хүндлэгдсэнээ мэдрэхэд гол хүчин зүйл болдог бөгөөд энэ нь мөн тэдний өөрсдийн хичээл зүтгэл, сайжирч байгаа байдал зэргээ зөв зүйтэй үнэлж цэгнэхэд нь тусалдаг. Таны нүд, хоолойны өнгө аяс зэргээс чинь ямар ч насны хүмүүн таны хэр үнэнээсээ хандаж байгааг амархан олж харж чаддаг. Дөнгөж зураг зурж дуусгаад байгаа 3 настай охинд хэн нэгэн инээмсэглэн эелдгээр, “Оо, улаан, ногоон, ягаан гээд ашигласан өнгөнүүд чинь ямар гоё юм бэ, бас тэр тойрог, шулуун зураасыг хараач!” гэж хэлбэл тэр их баярлах болно. Ийм нарийн тодорхойлолт магтаал, урамшуулал мэт харагдахгүй байж болох ч, та хүүхдийг үнэлж, урамшуулж байгаа нь түүнийг эергээр хурцалж байдаг. Үнэн сэтгэлээсээ болон эерэг сэтгэл хөдлөлөөр ханд: Заримдаа магтаал, урамшуулал эергээр эхлээд, сөргөөр дуусах тохиолдол байдаг. Жишээ нь нөхөр нь оройн хоол хийж дууссаны дараа эхнэр нь, “Чи өнөөдөр үнэхээр дажгүй хоол хийжээ. Байнга үүн шигээ хоол хийчихдэг бол ч!” гэх юм уу хүүхэд дасгалууд дээр сайн ажилласны дараагаар, эцэг эх юм уу, багш нь “Сайн байна! Чи өнөөдөр дасгалаа их сайн хийжээ. Чи яагаад өдөр болгон ийм байдаггүй юм бэ?” гэж болох юм. Үүнд эхний хэсэг нь урам өгөх боловч, энэхүү эерэг мэдрэмжийг сүүлчийн шүүмжлэл, сөрөг хэсэг нь шууд сарниулж байгаа юм.   Түргэн хариул:  Хүүхэд дөнгөж шинээр эерэг, сайн зан үйлийг сурч хэвшүүлж байх үед нь үүнийг тэр даруй урамшуулах хэрэгтэй. Зарим хүүхдүүд хэн нэгэн хажууд нь суухгүй л бол даалгавраа хийдэггүй. Аав ээж юм уу, асран хамгаалагч нь тэдэнтэй хамт суух цаг завгүй бол хүүхдийн сурах зуршил улам дорддог. Таны тусламжтайгаар хүүхэд шинэ зан үйлийг цогцлооход нь урамшуулахыг хичээ. Жишээ нь, “Сайн байна, чи одоо яаж хийхийг мэддэг боллоо. Энэ 3 дасгалыг хийж дуусаад надад аваад ирээрэй. Би шалгая.” Дараа нь хүүхэд тань ажилласан дасгалаа авчирч шалгуулахад, та түүнд цаг гарган шалгаж, дүн тавиарай. Танд шалгуулахаасаа өмнө үүнээс олон дасгал хийхийг хүүхдээс хүсэж, энэ дадлагыг улам тэлээрэй. Ингэвэл хэсэг хугацааны дараа, хүүхэд дасгалаа илүү бие даан хийж, илүү үр дүнтэй сурах болно. Хүүхдийн шинэ зан үйлийг хэвшүүлэхэд, байнгын урам зориг хэрэгтэй боловч, эдгээр зан үйл нь нэгэнт зуршил болчихсон тохиолдолд энэ талаарх урамшууллаа багасгах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй »
Хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой Монгол ёс заншил, хорио цээр #13

Хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой Монгол ёс заншил, хорио цээр #13 Hүүхдэд “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харилцахад сургах санаа зорилгыг  агуулдаг тул эртнээс өдөр тутмын амьдралдаа мөрдөж иржээ. Зан төлөв, харилцаа Үг дагавал ухаантай болно.Үлгэр дагавл цэцэн болно. Үгнээс үг авна. Ухаанаас ухаан авна. Хүүхдэд өвлүүштэй үг хэлж бай, үг чинь худал бол сэтгэлийн дөлийг бөхөөнө худал хэлдэггүй, хүмүүсийн хооронд хов зөөдөггүй ахмад хүний дээд талд суудаггүй аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй хүний өмнүүр орж ярьдаггүй зочны өмнүүр гүйдэггүй хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй хүний толгой, малгайд хүрдэггүй хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй хүний хийморь лундаа мөрөнд нь байх учир настны мөрөнд хүрдэггүй Эмх цэгц аяга, тавгаа хураалгүй, замбараагүй хонуулбал өрөнд орно цүнхний амыг онгорхой орхивол гарз гарна ороо хураалгүй орхивол тэр өдөртөө ажил нь бүтэхгүй авдрын тагийг онгорхой орхивол гарз гарна халбагаа аягандаа хийж үлдээвэл ажил бүтэхгүй хооллолт цайгаа уулгүй дутуу охивол амны хишгээ барна зогсоогоор, тэр тусмаа өглөө ингэж цай уувал тэр өдрийн ажил бүтэхгүй хэвтээгээрээ хоол идвэл өвчин тусна буруу харж сууж хоол идвэл бусадтай хэрэлдэнэ цагаан будаа асгаад түүхгүй бол ширхгийн тоогоор өрөнд орно эрүүл ахуй хуруугаа хөхвөл шүд нь унана самандаа сэвээ үлдээвэл ажил нь бүтэхгүй зуухны үүдэнд хогтой хонодоггүй эмэгтэй хүн үснийхээ үзүүрийг амандаа хийвэл зовлонд унана орой усанд явбал муу юманд хорлогдоно эмэгтэй хүн завилж суувал нөхөрт гарахгүй хоёр хүн хөлийнхөө улыг нийлүүлбэл муудалцана тургивал усан бороо орно эд юмтай харилцах босгон дээр гишгэвэл тэр айлдаа гарз дуудна хаалга савбал муу юм цуглана хаалга алдалбал  олзны үүдийг хаагдана тогтгоноос зүүгдвэл зовно хана дөрөөлбөл гал голомт сүйднэ багана түшвэл  зовлон үүрнэ давс асгавал зуурдын гай ирнэ аягаа харшуулбал хэрэлдэнэ ширээ, авдар дээр суувал өрөнд орно хүүхдийн хувцас гадаа хоновол муу юм шүгэлнэ уурган дээгүүр гишгэвэл мал үхнэ Осол гэмтлээс сэргийлэх хайчны ам ангайлгаж тавибал хонинд чоно орно бороо ороход хаалга голлож суувал аянганд цохиулна тулга тойроод гүйж харайвал голомтоо сүйдэлнэ харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумсаа авбал замд төөрнө галаар тогловол гай ирнэ хутга мэсний ирийг дээш нь харуулж тавибал хэрүүл тэмцэл болно хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулбал хэрүүл болно унинаас зүүгддэггүй чихээ төмрөөр ухвал буян барагдана Байгалтай харилцах амьтан, хорхой шавж албал нүгэл болно газар шороо хөндөж сүйтгэвэл түүний эзэн садваг хилэгнэнэ усанд цагаа оруулбал лус савдаг хилэгнэнэ галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийвэл галын бурхан хилэгнэнэ гал руу сонгины хальс хийвэл эцэг малын нүд сохорно булгийн эхэнд гэрээ баривал лус хилэгнэнэ гэж үзэж ханддаг билээ

Дэлгэрэнгүй »
Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргууд , түүнд суралцах нь

Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргууд , түүнд суралцах нь Хүмүүжлийн эерэг арга, хандлага гэж юу вэ? Бид хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэхийг хүсдэг ч түүнд хүрэх зөв арга замыг төдийлөн сайн мэддэггүй. Хүүхэд тань буруу үйлдэл хийгээд таныг хэцүү байдалд оруулаад байгаа үед та яг юу хийхээ мэддэг үү? Бид зөв арга замыг нь мэдэхгүй учраас өөрсдийн таамгаар эсвэл сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж хүүхдийнхөө хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нь бий. Тэгвэл хамтдаа хүмүүжлийн эерэг аргуудтай танилцаж, юуг нь хийж болохгүй, ямар үед ямар аргыг нь хэрэглэх ёстой вэ зэргийг мэдэж авъя. Эдгээр аргуудыг мэдэж авч хэрэгжүүлэх нь хүүхдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт болно.   Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь үр дүнтэй, бүтээлч байдлаар хүүхдээ ойлгож хүмүүжүүлнэ гэсэн үг юм. Мөн бэрхшээлтэй нөхцөл байдалд үр дүнтэй шийдэл олох хэмээн тодорхойлж болно. Хүмүүжлийн эерэг арга хүүхдийг сэдэлжүүлнэ, урам өгнө, дэмжин тусална, сурах хүсэл, сэдлийг төрүүлнэ, хувийн сахилга баттай болгоно, чадвар чадамж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гээд олон давуу талтай.   Эерэг харилцаа хандлага бий болгох: Эерэг харилцаан дээр үндэслэж, хүүхдээ тусалж, дэмжих хандлага эцэг эх хүүхдийн дунд бий болгох хэрэгтэй. Хүүхдийнхээ сонирхож байгаа зүйлд анхаарч байгаарай. Тэдний түгшсэн, бухимдсан, сандарсан, санаа зовсон үед нь анзаарч, зөв хариу үйлдэл үзүүлэх ёстой. Өдөр бүр хүүхдэдээ эерэг үг хэлж байхаа мартуузай. Хүүхдэд зохих ёсны таарсан хариуцлагыг өгч, итгэл үзүүлэх шаардлагатай. Хийж байгаа ороwлдлогыг нь дэмжиж, зоригжуулах, хүүхдээ сайн сайхан хүн болно гэдэгт үргэлж итгэж найдах, үүнийгээ хүүхэддээ хэлж илэрхийлж байгаарай. (Эцэг эхтэйгээ жаргалтай байгаа зураг) Төлөвшүүлэхийг хүсэж байгаа эерэг зан чанарыг бүрдүүлэх: 20 ба 80 зарчим гэж бий. Үүнийг маш олон салбар дээр хэрэгжүүлж болдог. Харин эцэг эхчүүдийн хувьд үүнийг хүүхдүүдийнхээ сайн зан чанар, аашийг төлөвшүүлэхэд ашиглаж болно. Тэгэхээр таны хүүхдэд 80%-ийн сайн сайхан чанар байдаг бол ердөө 20%-ийн сул, болохгүй чанар байдаг гэсэн үг. Харин таны мэддэггүй зүйл гэвэл хүүхдийнхээ 80%-ийн сайн чанар дээр нь бус 20%-ийн сул муу чанар дээр нь анхаарлаа хандуулж, загнаж, зандардагт оршино. Харин та одоо үүнийг мэддэг болсон учраас хүүхдийнхээ сайн чанарыг сайшааж, урамшуулж бүр шагнаж ч болно. Ингэснээр хүүхэд ч бас өөрийнхөө сул, муу чанар дээр биш харин сайн чанар, зөв үйлдэл дээр илүү төвлөрч өөрчлөгдөн төлөвшиж чаддаг. (Хүүхэддээ бэлэг өгч буй зураг) Буруу үйлдэл болон сөрөг зан аашийг арилгах: Үүнийг хийж эхлэх хамгийн эхний хүн нь та өөрөө юм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл  хүүхэд таны үг болон үйлдлээс үргэлж суралцаж, сайн зөв чанараар төлөвшиж байдаг. Тэгэхээр та буруу үйлдэл, сөрөг зан аашаа, зөв үйлдэл, сайн чанараар хүүхдэдээ үлгэр жишээ болох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тэгээд хүүхэддээ бусдад аюултай буруу үйлдэл, хохироох зан авираа ойлгож, тэдгээрийг орхиж, хаяхад нь туслах үүрэгтэй юм. Хүүхдэд хэзээ ч хүч хэрэглэсэн үйлдэл гаргах ёсгүй. Өмнөх хичээлүүдээс бид хүчирхийлсэн үйлдэл, бие махбодын шийтгэл нь хэзээ ч хүүхдэд сайн үр дүнг авчрахгүй гэдэг талаар хангалттай их мэдээлэлтэй болсон учраас хүүхдийнхээ сөрөг ааш араншинг арилгахад эерэг зөв хүмүүжлийн аргыг хэрэглэж, үүнд суралцах ёстой гэдэгтэй санал нийлж, дараа дараагийн хичээлүүдээс үүнийг  суралцаарай гэдгийг зөвлөж байна.     Уураа барих эсвэл зохицуулах ухаантай байх: Ихэнхдээ уур нь хоёрдогч сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүн санаа зовсноос, айснаас, бүтэлгүйтсэнээс, ганцаардсанаас, урам хугарснаас, өвдсөнтэй холбоотой сэтгэл хөдлөл нь уур бухимдалд хүргэдэг гэсэн үг юм. Охин нь сайн хоол хийж чадахгүй байгааг хараад аав ээж нь уурлаж бухимддаг. Гэтэл үнэндээ охиныхоо ирээдүйд санаа зовж, бусдад муу хэлэгдэх вий, нөхөртэй гологдох вий гэснээс болж уурлаж байна. Ер нь бол томчууд өөр олон шалтгаанаар уурладаг, хэдийгээр хүүхдээс болж уурлаагүй ч өөр шалтгаанаар уурласан ууранд нь хүүхдүүд хялбар өртөж, золиос болдог. Угтаа бол уур гэдэг нь томчууд болон хүүхдүүд аль алинд нь тохиолддог хэвийн сэтгэл хөдлөл юм. Гэхдээ уурнаас болж бусдыг ямар нэг байдлаар хохироох нь ёс зүйн болоод хуулийн дагуу мэдээж болохгүй. Эцэг эх, хүүхдүүдийн хэн хэн нь уураас өөрийгөө сэргийлж, мөн уураа хянан захирахаа мэддэг байх хэрэгтэй. Уурандаа хэлсэн үг, болчимгүй үйлдэл нь хэн нэгэнд хэзээ ч эдгэршгүй гүн гүнзгий шарх үлдээх аюултай. Эцэг эх хүүхдээ зодоод, “Чамд сайн юм юу ч алга, чи үхээд өгдөг ч болоосой” гэх зэрэг гомдмоор муухай үгнүүд хэлэхэд, энэ нь хүүхдэд насанд туршид нь ул мөр үлдээж, тухайн хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж, хайрлах хайр, хүндлэх хүндлэлээ дахин бий болготлоо олон жил, магадгүй бүхэл бүтэн амьдралынх нь он жилүүдийг авахад ч хүрдэг. Тиймээс уур бухимдлаа зохицуулж сурах нь их чухал учраас хамгийн анхан шатанд хийж болох зүйлийг танилцуулъя. Уурласан бол хэрхэн хянаж, уураа зөв зохицуулах вэ Эхлээд уурласан гэдгээ хүлээн зөвшөөр, хүүхдэдээ уурласан байгаагаа тайвнаар хэл. Өөртөө түр завсарлага аваарай. Хүүхдэдээ түр завсарлага өгөөд тусдаа газар оруул. Үүссэн нөхцөл байдлаас өөрийгөө холдуул. Яагаад уурласнаа бодож үз. Үнэхээр хүүхдийн тань хийсэн зүйл таныг уурлуулж байна уу эсвэл энэ зөвхөн уурлах нэг шалтаг болов уу? Гүн гүнзгий амьсгал ав. Хэд хэдэн удаа давтаарай. Тэгээд та уураа зохицуулж чадна гэдгээ өөртөө сануул. Нүүрээ хүйтэн усаар угаа эсвэл зүгээр гарч яваад цэвэр агаар амьсгал. Ярьж, хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө сайтар бод. Хүүхдүүдийнхээ үлгэр дуурайл нь гэдгээ сана. Нүдээ аниад, хүүхэд тань сонсох гэж байгаа үгийг та өөрөө сонсож байгаагаар төсөөл. Уруулаа жимийгээд 20 хүртэл тоол. Эсвэл бүр 50 хүртэл тоол, илүү дээр байх болно. Найзтайгаа ярих эсвэл таныг сайн сонсдог нэгэнтэй ярилцаарай Уурнаас болж ямар нэгэн согтууруулах ундаа битгий хэрэглээрэй. Энэ нь танд тус болохгүй Тайвшрахад хамгийн доод талдаа 1 өдөр, хамгийн дээд талдаа 7 хоног ч болж магадгүй тул бэлэн бай. Энэ хооронд гарсан асуудал дээр шийдвэр гаргах гэж бүү оролд. Нэгэнт тайвшраад асуудалд хариу үйлдэл, шийдэл гаргахад бэлэн болсон бол хэрхэн яаж гэсэн төлөвлөгөөг гаргаад түүнийхээ дагуу хэрэгжүүлээрэй. Хэрвээ та хүүхдээ эерэг хүмүүжүүлэхэд анхаарах эхний зүйлсийг судлаад мэдсэн бол дараагийн сэдэв болох “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд” таны өмнө бэлэн боллоо. Та дараах хүмүүжлийн эерэг аргуудтай танилцаад, судалж, хамгийн түрүүнд хэрэгжүүлж эхэлж чадна гэсэн аргуудаас эхэлбэл илүү сайн байх болно гэдгийг хэлмээр байна.

Дэлгэрэнгүй »
Гэр бүлийн хурал #9

Гэр бүлийн хурал #9 Гэр бүлд гарч буй аливаа асуудал болон зөрчлийг шийдэх, мөн дүрэм журам тогтооход гэр бүлийн гишүүдийн оролцоотой гэр бүлийн хурал үр дүн арга байдаг. Ийм хурал нь гэр бүл гишүүдэд хамтдаа хэлэлцэх боломжийг олгодог, мөн тогтсон дүрэм журмыг өөрчлөх, зохицуулах боломжийг өгдөг. Мөн гэр бүлдээ хүүхэд оролцох,  хариуцлагаасаа хуваалцаж сурах боломжийг өгдөг. Насанд хүрэгчдэд хүүхдэд хүндэтгэлтэй хандах, тэднийг ойлгох боломжийг олгож, хамтдаа дундын шийдвэр гаргаж, бүгд үүнийгээ дагах боломжийг өгдөг. Гэхдээ анхаарах ёстой зүйл бол гэр бүлийн хурлын зорилго нь шүүх, шүүмжлэхдээ биш, сургаал айлдах биш, бас хэт их хяналт тавих гэж хийх ёсгүй. Хүүхдүүд өөрсдийг нь аргандаа оруулах гэж байвал, тэд тантай хамтрагч байхаа болино.  Гэр бүлийн хурлын зорилго: Юу хийгдсэнийг олж харж, магтах, урамшуулах Бие биедээ туслах. Асуудлыг шийдэх. Үйл явдлыг төлөвлөх. Гэр бүлийн хурлаар хүүхдүүд дараах чухал ур чадвараас суралцах боломжтой: Бие биеэ хүндлэх, харилцан ярилцах, бусад хүмүүсийг сонсох Бусдыг магтах, сайхан үгс хэлэх, бусдын хүчтэй сайн талуудыг олж харах, нөхөрсөг байдалд суралцах, тодорхой үүрэг даалгавар дээр бусадтай хамтрах, бусадтай хуваалцах Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмын дагуу гэр бүлд гарсан аливаа асуудлыг ам бүлээрээ шийдэж, аливаа буруу зүйл нь үр дагавартай ч учир зүйг олж, тусламж дэмжлэг хэрэгтэй нэгэнтэйгээ хамт байх, аливаа асуудал бүрд зөв гарц шийдэл байдаг гэдгийг олж харах Гэр бүлийн хурал нь эцэг эх, эмээ өвөө нарт байнгын хэм хэмжээг тогтоосноор бие биеэ илүү дээр ойлгоход нь тусалдаг. Энэ нь ямар нэгэн зөрчил бий болохоос сэргийлж, хүүхдэд гэр бүлийнхээ зарчим, хэм хэмжээг дагадаг болоход хүргэдэг. Гэр бүл хурлыг хийх алхмууд: Ямар нэг биеэ өмөөрөх сэтгэхүйг халж, хамтын ажиллагааг дэмжихийн тулд, эерэг мэдээ магтаалаар эхлэх Хурлаар хэлэлцэх асуудлыг дурдах. Жишээ нь, аав асууж болно: “Энд манай гэрийнхэн байна. Би та нарыг бүгдийг чинь гэр бүлийн дүрэм зохиоход оролцоосой гэж хүсэж байна. Та нар ямар дүрэмтэй байхыг хүсэж байна? Ямар сэдвүүд хамрагдах ёстой вэ?” Асуудал шийдэх: Жишээлбэл, ширээн дээр зурж бохируулдаг, гэртээ дэндүү оройтож ирдэг, муухай үгс хэрэглэдэг гэх мэтчилэн алдаа гаргаж буй гэр бүлийн гишүүдээс асууж болно. Тэд энэ асуудлыг шийдэхийн тулд юу санал болгохыг харна үг. Тэдний саналыг бусадтайгаа зөвлөлдөж, үүн дээр нэмэлт санаа оноо байгаа эсэхийг асууна, бүгд санал нийлж буй эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрэв үгүй бол, бүгдээс нь өөр санаа оноо байгаа эсэхийг асууна. Тэдний санаа сөрөг үр нөлөөтэй байвал, бусдаасаа урамтай байдлаар илүү тохиромжтой, эерэг санал байгаа эсэхийг асууна. Гаргасан санаануудаа амьдралд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруул. Хүүхдүүд, эцэг эх ярилцаж  хэзээ вэ гэдгийг бас шийдэх хэрэгтэй. Хязгаартай хугацааны дотор, жишээ нь өнөөдрөөс юм уу, маргаашнаас гэх мэт. Ингэж зөвшилцсөн шийдвэрүүдийг хүүхдүүд дагаж эхлэх болно.

Дэлгэрэнгүй »
Сонсох аргад суралцах нь#4

Сонсох аргад суралцах нь#4 Хүн бүхэн л хэн нэгэн өөрийг нь сонсоосой гэж хүсдэг. Хэн нэгэн таныг сонсож байна гэдэг нь тухайн сонсогч хүн таныг ойлгохыг хүсэж байгаа, мөн таны хэлж байгаа зүйл түүний анхаарлыг татахуйц чухал гэсэн үг юм. Энэ нь хүүхдийн хувьд мөн адил байдаг. Бусад хүмүүс ялангуяа эцэг эх нь сонсож, ойлгож, үнэлж, хайрлахыг тэд юунаас ч илүү хүсдэг. Бид харилцааны тухай бодохдоо, ихэнх маань яриа, үг, өгүүлбэр зэрэгт анхаарал хандуулдаг. Гэвч эдгээр нь харилцааны зөвхөн нэг хэсэг юм. Тэгвэл СОНСОХ нь харилцааны салшгүй чухал хэсэг бөгөөд ялангуяа харилцаа шинээр үүсэж байх үед эсвэл хүүхдэд бэрхшээл тулгарсан цагт энэ нь ярихаасаа ч илүү чухал хэсэг аж. Хүүхэд өсөж том болж, өсвөр нас руу шилжих үед нь тэднийг сонсож, ойлгох насанд хүрэгчтэй байх нь тэдэнд их чухал юм. Идэвхтэй сонсоно гэдэг нь: Хүүхдээ сонсож байхдаа чих тавин нээлттэй сонсох: Хүүхэд өөрийн чадлаараа байгаагаараа ээж аавдаа өөрийнхөө үгийг хэлдэг. Тэр маш их хичээж байгаа учраас эцэг эхийн хувьд ч хүүхдээ чих тавин сонсох нь маш чухал. Та маш завгүй ажиллаж байхад хүүхэд чинь хажуунаас чинь чангааж, “Ус уумаар байна, бие засмаар байна, шүүгээн дээрээс малгай аваад өгөөч, гэрэл асаагаад өг” гэх мэт тусламж хүсэх нь наад захын явдал. Гэтэл “би завгүй байна, өөрөө гэрэл асааж чадахгүй байхдаа яадаг юм, сандал тавиад малгайгаа ав л даа” гэх мэт үгс нь ээж аав нь түүнийг огт сонсоогүй, сонсохыг ч хүсэхгүй юм байна гэсэн ойлголт төрүүлдэг. Тиймээс та хэчнээн байсан ч хүүхдээ тань руу ирээд ярих үед хийж байгаа зүйлээ орхиод түүнийг анхааран сонсох хэрэгтэй. Нүд рүү нь анхааралтай харах: Хүүхэдтэйгээ нэг түвшинд очоод сонсох, аль ч насны хүүхэдтэйгээ ярьж байхдаа заавал хүүхдийнхээ нүд рүү нь харж байх хэрэгтэй. Нүдээр дамжуулан хүүхэд танаас итгэл найдварыг олж хараад өөртэй итгэлтэй болдог. Хэрэв хүүхэд таны нүд уруу харахгүй байвал “Нүд рүү минь хараач” гэж зандарч болохгүй, харин элэгсгээр “Ээжийнхээ нүд уруу хараад хэл дээ, аав нь охиныхоо хөөрхөн нүдийг харж байгаад яримаар байна” гэх мэтээр хайрлаж, халамжилж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Ярьж байгаа зүйлийг нь дэмжиж толгой дохих: Хүүхэд тантай ярьж байхад түүний яриаг дэмжиж байгаагаа илэрхийлж толгой дохиж байгааг хүүхэд хараад өөрийгөө ямар чухал эрхэм болохыг ойлгодог. Үнэ цэнээ мэдэрдэг. Улам итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэхэд суралцаж байдаг. Мөн санаа нийлэхгүй зүйл гарвал “Ээж нь ингэж бодож байна, аав нь ярьж байгаа зүйлтэй нь санаа нийлэхгүй байна, гэхдээ чиний санааг бодож үзье, миний санааг чи бодоод үзээрэй” гэх мэтээр санаа оноогоо илэрхийлбэл хүүхэд аливааг бодож, эргэцүүлэх ухаан, санаа оноогоо хуваалцах, сонголт хийх, шийдвэр гаргах зэрэгт суралцаж байдаг.   Хүүхдийнхээ ярьж байгаа ярианы агуулгыг ойлгох: Хүүхдийнхээ ярьж байгаа ярианы агуулга, хэлэх гээд байгаа санаан дээр анхаарлаа хандуулах нь их чухал. Томчууд хүүхдийнхээ ярианы агуулгад анхаарвал хүүхдээ яг юу хүсээд байгааг ойлгож чадна. Юу яриад байгааг нь анхааран сонсвол хүүхдийнхээ хүсэж байгаа зүйлийг олгоход тийм ч хэцүү биш, уурлаж ундууцах ч хэрэггүй байдаг. Ер нь хүүхэд тантай ярихыг оролдож байна гэдэг бол тантай ойр дотно байж, харилцахыг хүсэж байгаа л гэсэн үг. Хүүхэд эцэг эхдээ маш олон зүйлийг ярих хүсэлтэй байдаг. Тэднийг анзаараад сонсвол хүүхдээ дэвтэр хэрэгтэй байгааг, бие нь өвдсөн байгааг, сэтгэл нь баяртай байгааг, эсвэл гунигтай байгааг, ямар нэгэн зүйл хэрэгтэй байгааг, ээжтэйгээ хамт баймаар байгааг, аавтайгаа тоглохыг хүсэж байгааг, тэднээр тэврүүлмээр байгааг, урам хэрэгтэй байгааг, хайрлуулмаар байгааг гэх мэт олон зүйлийг мэдэж болно.  Хүүхэд таныг гэртээ эрт ирээрэй гэж байгаа бол тантай хамт байхыг хүсэж байгаагийн илрэл юм. Хүүхдийнхээ сэтгэл, мэдрэмжийг хүлээн авах: Хүүхэд сэтгэл тавгүй байгаагаа эсвэл баяр хөөртэй байгаагаа илэрхийлбэл түүнийг анхааран хүлээж авах хэрэгтэй. Тухайлбал “Ээж ээ, би шалгалтаа онц дүнтэй өгсөн” гэвэл та хариуд нь “Миний хүү мундаг, би чамайг онц авна гэдэгт итгэж байсан, ээж нь ч баяртай байна” гэж хэлэх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийгээд сэтгэл нь өвдөж байгаагаа танд хэлбэл заавал дуустал сонсоод “Чи яриагаа дууссан уу” гэж асуугаад хүүхэд дууссан гэж хэлэх эсвэл толгой дохивол “Сэтгэл чинь хэцүү байгааг ойлгож байна, надад ч бас ийм мэдрэмж төрж байсан, гэхдээ бүх зүйл сайхан болно, гаргасан алдаагаа засаад дахиж хийхгүй байхад болно, хэрэв шаардлагатай бол би чамд тусална” гэх мэтээр сэтгэлийг нь хүлээн авч байгаагаа харуулах хэрэгтэй.   Тэгвэл хүүхдээ анхааран сонсоход эцэг эхчүүдэд юу саад болдог вэ Идэвхтэй сонсоход саад болдог зүйлс: Ярьж байгаа хүний гол санааг алдуулж, анхаарлаа хандуулахгүй байх. Жишээлбэл: “Өөр юмны талаар яриач. Үүний талаар дахиж битгий бод”. Шүүх, буруушаах, загнах. Жишээ нь, “Чи ч ёстой тэнэг юм”; “Би чамд хэдэн удаа үүнийг хэллээ, чи ... ёсгүй/хэрэггүй байсан юм”. “Чи яах гэж тэгсэн юм?”, “Чи тэгэхээсээ ичихгүй байна уу?”, “Ямар мулгуу юм хийгээ вэ. Мангар юм уу хаашаа юм?”... Хүүхдийн буруу зан үйлийн үндсэн шалтгааныг тодруулахгүйгээр хүүхдийг буруутгах. Жишээ нь: “Чи дандаа л хэрэлдэж байх юм”; “Чи л ийм нөхцөл байдлыг үүсгэсэн шүү дээ”; “Энэ чиний л алдаа” ... Хүүхдийг гутаах, доромжлох. Жишээ нь: “Чиний хийж чадах хамгийн сайн чинь энэ гэж үү?”, “Чи ямар ч хэрэггүй юм”, “Чи ямар ч юмыг зөв хийнэ гэж байхгүй шүү”... Хүүхдэд саад болох. Жишээ нь,  томчууд, “Гэвч...”, “...-вэл яасан юм”, “Энэ яагаад ...” гэх мэт үгнүүдээр хүүхдэд түүх, болсон зүйлсээ ярьж цаг аван, өөрийнхөөрөө ярихад нь саад болдог. Шууд л зөвлөгөө, шийдэл өгөх, ёс зүйн лекц унших, хүүхдийн санааг ойлгохгүй өнгөрөх. Жишээлбэл: “Юу хийх хэрэгтэйг чинь би мэдэж байна. Эхлээд чи ... ингээрэй”. “Битгий ийм тэнэг бай л даа, энэ чухал биш шүү дээ”. “Би чамд аль хэдийн ингэж хэлсэн”. “Чи ... ёстой” гэх мэт. Хүүхдийг хэтэрхий өрөвдөх, халаглах. Жишээ нь: “Өө ямар аймаар юм бэ! Чамд яагаад байнга ийм өрөвдөлтэй юм тохиолдоод байна аа?” “Чи дандаа л азгүй байх юм” “Яасан өрөвдөлтэй юм бэ. Дахиад л багшаараа загнуулчихсан уу?” Иймэрхүү тайлбар хийх нь хүүхдийг улам сул дорой, өөртөө итгэлгүй болгодог. Тушаал өгөх, сүрдүүлэх. Жишээ нь: “Чи яг одоо наад ажлаа дуусгах ёстой шүү.”, “Надтай ингэж харьцсан хэвээр байвал чинь, зодуулна гэж мэдээрэй.” “Чи дахиад энэ алдааг давтвал би чамайг уучлахгүй шүү.”...

Дэлгэрэнгүй »
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#3

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#3 Стейси Шиффердикер “Эерэг Хүмүүжил” мөн Доктор Катрин Керсигийн “Эерэг Сахилгажуулах 101 аргачлал” номуудаас түүвэрлэв. Хувьчлан ханд: хүүхдийг олны өмнө эвгүй байдалд оруулж болохгүй. Асуудал гаргавал бусдаас холдоод ярилц. Хүүхдийн харааны түвшинд зэрэгцэн очиж ярь: хүүхэдтэй ярихдаа дээрээс нь биш, харин доош сууж түүний нүдний түвшинд очоод, нүд рүү нь харж зөөлнөөр ярь. Шивнэ: хашгирах, орилох, чанга ярихын оронд хүүхдэдээ шивнэн ярьж ойлгуул. Ингэвэл тэр дороо анхаарлаа хандуулж, танд байдлыг хянаж, ойлгон, бодох боломж олгоно. Тэдэнд ярьж өгөх биш, тэдэнтэй ярилц: хүүхдэдээ номлох биш, харилцан ярилц. Ярихаас гадна бас сонс. Өөрөө зохистой зан авир үлгэрлэн харуул: хүүхдүүд томчуудын зав авирыг харж сурдаг учраас тэдний заах гэж оролдож буй хичээлийг батжуулж өгнө. Завсарлага ав: хүүхдэд “Завсарлага авъя. Яавал байдал илүү сайжирч болох, яавал илүү үр дүнтэй болох талаар бодоорой” гэж хэл Эерэг төгсгөл: өдрийн сүүлд хүүхдэдээ онцгой хүүхэд, бас хайртай шүү гэдийг хэлж бай. Түүнд тухайн өдөр ямар сайн зүйл болсон, бас маргааш ямар сайн зүйл байж болох талаар бодоход нь тусал. Хүч хэрэглэж шийтгэх ёсгүй: Ийм зүйл хэрэглэхийг өөрсдөдөө хатуу хориглож, ярилцах гэх мэт хүчирхийллийн бус аргыг хэрэглэ. Сонголт  өгөх: хүүхдэд тохирох үед нь сонголт хийх боломж өг. Мөн сонголтынх нь үр дагавар ямар байж болох талаар дүгнэлт хийж сурахад нь тусал Эерэг урамшуулал: байнгын онцгойлсон магтаал нь сахилга батын чухал арга юм. Байнга эерэг анхаарал тавьсан "Онцгой цаг” гарга (бүх насны хүүхдэд эерэг харилцааны цаг гаргах нь маш чухал байдаг). Хариуцлагатай, анхаарал татахаар, зохимжтой зан авир бүрийг анхаарах, талархах, магтах, сайшаах, баяр хүргэх, тэврэх, шагнах зэргийг байнга хийх хэрэгтэй. Бүх хүүхэд магтаалд дуртай учраас энэ нь тэдэнд эерэг зан авирыг сурч хэрэгжүүлэхэд түлхэц болдог. Хүүхдийг анхааралтай сонсож, тэдэнд мэдрэмжээ үгээр зөв илэрхийлж сурахад нь туслах хэрэгтэй. Ялихгүй жижиг алдааг тоох хэрэггүй. Тэдний тухай бусдад эергээр ярь: Ханьдаа “Чи өнөөдөр охин маань дэлгүүрт байхыг нь харсан бол. Тэр худалдагчтай маш сайхан ярьж байсан шүү” гэвэл хүүхдэд чинь гарцаагүй таашаагдана. Үлгэрлэ: хүүхдэдээ суулгахыг хүссэн байгаа зан авираа үлгэрлэн харуул (жишээ нь, хүндэтгэлтэй харилцах, маргааныг хамтын хүчээр шийдэх г.м). Ямар зан харилцаатай байх хэрэгтэйг хүүхдэдээ үлгэрлэн харуул. Хүүхэд томчуудын зан авираас сурдаг. Энэ нь томчуудын заах гээд байгаа хичээлийг нь бататгаж өгдөг. Залруул: зохистой зан авираар хүүхдээ замчил. Энэ нь жижиг хүүхдэд үр дүнтэй байдаг. 3 настай хүүхэд чинь халбагаараа ширээгээ балбаад байвал хүүхдээ хоол иртэл ямар нэг тоглоомоор сатааруулах хэрэгтэй. Юу хүсэж байгаагаа тодорхой байлга: Том хүүхэдтэйгээ ямар зан чанар хүсэж байгаа, энэ нь ямар ач холбогдолтой тухай ярилц. Мөн түүнийг байнга анхаарч байх хэрэгтэй. Юу болж байгааг байнга харж, сонсож бай. Хүүхэд хяналтаас гарах хүртэл бүү хүлээ. Шаардлагатай бол хүүхдээ тухайн нөхцөл байдлаас нь гарахад тусал. Тайван байж, бүү сэтгэлийн хөдөлгөөндөө авт. Хүүхэддээ ямар сонголт хийж болох тухай ойлгуул. Тууштай бай, гэхдээ бүдүүлэг байж болохгүй. Үгийн оронд үйлдэл хий: Юу ч бүү хэл. Хэрвээ хүүхэд унтахгүй өрөөнөөсөө гараад байвал хэдэн ч удаа хамаагүй буцааж оронд нь тавиад л бай. Бухимдахгүй, ярихгүй, загнахгүй, занахгүй, тайлбарлахгүй. Тайван бай. Үүгээр хүүхэд тань харанхуй болоход унтах хэрэгтэй, та үүнийг заавал хийлгэх юм байна гэж ойлгож авна.  

Дэлгэрэнгүй »
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#2

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#2 Доктор  Жэйн Нэлсоны тодорхойлсон  “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг 5 арга” Эелдэг  бас тууштай хандах:  Эелдэг байна гэдэг нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэдний онцлогийг ойлгон зөв харилцахыг хэлнэ. Харин тууштай байна гэдэг нь нөхцөл байдлыг ойлгон тууштай шийдвэр гаргана гэсэн үг. Хүүхдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох: Хүүхдийнхээ юу хүсэж байгааг ойлгох. Томчуудын адил хүүхэд үргэлж хэн нэгнээр хайрлуулж, анхаарал, халамжид байхыг хүсдэг. Хүүхдийг хайхрахгүй, анхаарахгүй байснаар хүүхэд бусдыг шоглох, анхаарал татахын тулд буруу үйлдэх хийж эхэлдэг. Урт хугацаанд ашиглагдах эерэг хүмүүжлийн аргыг ашиглах: Хүүхдийг загнаж зодох нь богино хугацаанд таны хүссэн үйлдлийг хүүхдээр хийлгүүлж болох боловч хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх таны урт хугацааны зорилгод огтхон ч нэмэр болохгүй. Тиймээс хүүхдээ судалж, ойлгож тэдэнд тохирсон хүмүүжлийн эерэг аргыг олж аваарай. Хүүхдэдээ амьдрах ухааныг сургах: Хүүхдийн хүмүүжүүлнэ гэдэг нь хүүхдэд амьдрах ухааныг сургахыг мөн хэлнэ. Амьдрах ухаан гэдэг нь асуудлыг шийдвэрлэх чадвар, эргэцүүлэн бодох чадвар, сонсох чадвар,  харилцааны чадвар,  өөрийгөө тайвшруулах чадвар зэргийг хэлнэ. Хүүхэд юу хийх чадвартайг нь ойлгуулах: Хүүхэд өөрийнхөө чадварыг таньж мэдэн гэр бүл, нийгэмдээ юу хийж чадахыг нь таниулах. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болдог.

Дэлгэрэнгүй »
Гэр бүлийн дүрэм # 10

Гэр бүлийн дүрэм # 10 Аливаа  давж болохгүй хил хязгаарыг бий болгох нь аль ч насны хүүхдэд маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд дэг журамд суралцаж, үүнийг амьдралынхаа хэм хэмжээ болгож чадвал олон буруу зүйл, аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Тэгэхээр дэг журам нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн эрүүл саруул, аюулгүй өсөлт хөгжилд нэн чухал. Ихэнх эцэг эх хүүхдээ даруу төлөв, хүмүүжилтэй, хариуцлагатай насанд хүрэгч болгохыг хүсдэг нь дамжиггүй. Тиймээс сургууль болон гэрт мөрдөгдөх дүрэм журам, дэг жаяг, сахилга бат бий болгох нь чухал юм.          Дүрэм журам, дэг жаяг нь хүүхдэд ямар зан үйл, хандлага зөв зохистой, ямар нь буруу, тааламжгүй болохыг ойлгоход нь тусалдаг. Мөн хүүхдэд зөрчиж болохгүй хил хязгаар байдаг гэдгийг ойлгуулахад туслах юм. Тэдгээр дүрэм журмыг дагах нь гэр бүл болон бусад газар эмх цэгц, ёс журмыг бүрдүүлж, цаашлаад нийгэмд ийм байдлыг бүрдүүлдэг. Тэдгээр зан үйлийн дэг жаяг нь зүй зохистойгоор байнга хөгжин дэвжиж, амьдралд хэрэгжвэл, хүүхдүүд үүнийг цаашдын амьдралынх нь хэв маяг, хөтөч болгон хүлээн зөвшөөрч хоногшуулдаг.          Дүрэм яагаад хүүхдүүдийн дургүй хүргэж, дагахад нөлөөлдөггүй вэ гэхээр томчуудын бий болгосон зарим дүрэм журам нь өөрийнхөө аюулгүй байдлын төлөө болон бусдын төлөө хүүхдүүд ямар хэлэлцсэн зүйлгүйгээр зөвхөн мөрдөх хатуу зарчмуудаас бүрдсэн байдаг. Жишээлбэл, хүүхдүүдээс бие биеэ хүндлэхийг, үнэнч шудaрга байхыг, цахилгаан, залгуурт хүрэхгүй байхыг, тамхи татахгүй байх зэргийг хүсэж болно. Харин зарим дэг журмын хувьд томчууд болон хүүхдүүдийн хамтдаа ярилцан гаргах хэрэгтэй байдаг бөгөөд магадгүй тодорхой хугацааны дараа юм уу хүүхэд арай өөр шатанд очиход дахин шинэчлэгдэхэд нээлттэй байх хэрэгтэй. Жишээлбэл, хэзээ хичээлээ давтах, юу өмсөх, гэрт ямар үүрэг хариуцлагатай байх тал дээрх дэг журам байж болох юм. Ингэвэл, хүүхэд аль дэг журам нь хэлэлцэж болохгүйгээр тогтоогдсон, аль нь хамтдаа хэлэлцэж өөрчилж болох вэ гэдгийг мэддэг болно. Хүүхдүүдтэй хамт дүрэм журам бий болгохдоо анхаарах зүйл Энэ дүрэм нь бодит байдал дээр үндэслэсэн үү, зөвхөн том хүний санаа юу? Энэ дүрэм нь хүүхдийн төлөө, түүний аюулгүй байдлыг хангах зорилготой юу? Энэ дүрэм нь хүүхдэд бусад хүмүүстэй зөрчилдөхөөс нь сэргийлэхэд нь тусалж байна уу? Энэ дүрэм нь хүүхдэд үйлдэхээсээ өмнө бодож, үр дагаврыг нь бодож үзэхэд суралцахад нь тусалж байна уу? Энэ дүрэм дагахад, мөн дагаагүй байхад ямар үр дагавар гарах вэ? Гэр бүл, анги сургууль бүрд дүрэм журам, дэг жаяг хэрэгтэй боловч, эдгээр нь зөвхөн томчуудын зохиосон зүйл байх ёсгүй. Дүрэм журам нь хэрвээ бүгдийн оролцоотойгоор бий болж,  мөн гэр бүл, анги сургуульд бүгдээрээ үүнийг мөрддөг байвал хамгийн үр дүнтэй байдаг Дүрэм журам нь насанд хүрэгчдийн болон хүүхдүүдийн аль алиных нь хэрэгцээ, бодол санааг тусгасан байх хэрэгтэй. Хүүхдүүд, ялангуяа өсвөр насныхан дүрэм журам тогтооход оролцож хамтрах нь чухал. Шийдвэр гаргах хэсэгт оролцсоноор, томчууд ч хүүхдүүд ч тухайн шийдвэрийнхээ эзэн гэдгээ мэдэрдэг учраас хүчээр дүрэм журам дагаж байгаа мэт санагдахгүй, харин илүү амар дагадаг болдог. Гэр бүлийн дүрмийн агуулга: Харилцан хүндлэл. Эерэг хэм хэмжээ ашиглахыг хичээ, жишээ нь “битгий зодолд”, “бие биеэ битгий шоол” гэсэн хоригууд тавихын оронд, ‘бие биедээ сайхан сэтгэлээр ханд’, ‘тусламж хэрэгтэй хэн нэгэндээ тусал’ гэх мэт, Бусдад өөрийгөө сонсгох боломж өгөх Чимээгүй байх, хэрэв тийм хэрэгцээ гарвал хоорондоо ярихгүй байх Нөхөрсөг байх Хүүхдүүдийн санал болгосон дүрэм журам, бодлогогүй юм уу боломжгүй байвал томчууд “Бидний хүсэж байгаа зүйл мөн гэдэгт итгэлтэй байна уу?”, “Өөр ямар нэг шийдэл байна уу?”, “Бид яг одоогоор үүнийг хийх боломжгүй. Чамд таалагдахгүй бол бид өөр нэг шийдэл олж болно. Боломж гармагц бид чиний саналыг туршиж үзнэ” гэх мэтээр нээлттэй асууж, харилцан ярилцаарай. Дүрэм журмаа тогтоосны дараа, үүнийгээ дагаж мөрдөх, хүчинтэй байлгах нь маш чухал бөгөөд  дүрэм тогтоохоосоо илүү хүндрэл учрах нь бий. Дүрэм журмыг дагаж мөрдөх, хүчинтэй байлгахад нь хүүхдүүдэд сануулах гол хүчин зүйлс Заавар: Заавар тодорхой бөгөөд ойлгомжтой байх хэрэгтэй, жишээ нь, “Тоглоомоо цэгцлэх цаг болсон байна” гэх мэт. Сануулах: Сануулах нь хүүхдэд бодох, санах, ямар үйлдэл хийхээ шийдэх зэрэгт нь тусалдаг. Жишээ нь, “Өмнө нь айлд зочилж очихдоо шургуулгыг нь татаж онгойлгон, доторхыг нь харахгүй гэж бид тохиролцсон, санаж байна уу?” гэх мэт. Сонгуулах: Хүүхдэд хамгийн багадаа хоёр сонголт өгөх. Хүүхдэд өөрөө бодож, шийдвэр гаргахыг нь урамшуулахын тулд, хоёр боломжийн сонголт өгөөд, аль нэгийг нь сонгохыг нь хүснэ. Жишээ нь, “Өнөөдөр юу өмсмөөр байна, цэнхэр, цагаан өмднийхөө алийг нь сонгох вэ?” Хүүхдэд хийсэн сонголтынх нь үр дагаврыг мэдүүлэх: хүүхдэд гаргасан зан үйлийнх нь үр дүн юу болохыг хэлэх нь чухал. Жишээ нь, “Чи уурласан үедээ найзыгаа ингэж зодоод байвал юу болох талаар би чамд их санаа зовж байна”. Сануулга: Сануулга нь сүрдүүлэг биш боловч хүүхдэд тодорхой зан үйлийнх нь авчирч болох сөрөг үр дагаврыг бодож үзэхийг сануулдаг. Жишээлбэл, “Сургууль явахдаа зам хөндлөн гарахдаа болгоомжтой харахгүй бол, юу тохиолдож болохыг бодож үзээрэй”. Хүлээлтээ илэрхийлэх: Хүүхдээс ямар хүлээлттэй байдгаа мэдүүлэх нь түүнийг тодорхой зан үйлтэй болох, заримаас нь татгалзахад нь урамшуулж өгдөг. Жишээ нь, “Ширээн дээрээ бохир үг бичихгүй байх чинь надад сайхан санагдуулдаг.”

Дэлгэрэнгүй »
“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга #12

“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга #12 Хүүхэд эцэг эхийгээ хорвоо дээрх хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн сайн хүмүүс гэж боддогоос гадна үлгэр дуурайл авах хамгийн ойрын хүн нь та байдаг. Тиймээс тэд таны үг хэл, үйл хөдлөл бүхнийг дуурайж өсдөг. Үүнээс гадна өнөөдрийн бидний амьдарч буй нийгэм ихэнх эцэг эхийн төрж, өссөн нийгмээс огт өөр тул, энэ нийгэмд иргэн болж төлөвших хүүхдийг хүмүүжүүлэх арга барил өөр байх ёстой. Та хүүхэд хүмүүжүүлдэг өөрийн аргаа харьцуулан тунгаана уу: Ярилцах, сонсох, хамт байх цаг гарга. Одоогоос ердөө 20-оод жилийн өмнө одоогийнх шиг олон телевиз, радио байгаагүй учир эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцах, үлгэр домог ярьж, бага насныхаа хөгтэй явдал, дурсамж дурдатгалаа хуваалцаж, гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлэх цаг хангалттай гардаг байжээ. Ингэснээрээ эцэг эх хүүхэдтэйгээ ойр дотно байж чаддаг байж. Харин өнөөгийн гэр бүлүүд телевиз, компьютер, гар утсандаа анхаарал хандуулах нь ихэсч, аажим аажмаар хоорондын амьд харилцаа нь багассаар байна. Та ажлаа сайтар төлөвлөн, хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ ярилцах, биесээ сонсож, хамт байх цагийг зориуд гаргаж, дотно харилцаагаа тэдэнд мэдрүүлээрэй. Та өнөөдөр л хүүхдээ сонсохгүй бол хэзээ нэг өдөр өөр хэн нэгэн таны хүүхдийн зүрх сэтгэлийг сонсоод, дуртай зүгтээ хөтлөх болно шүү.  Шийдэмгий боловч эерэг бай Дуу хоолойгоо өндөрсгөлгүй хэвийн өнгөөр яривал хүүхэд таныг улам сайн ойлгоно. Хашгичих хэрэггүй “би ууртай байна. Дараа ярилцъя гэж уур уцаараа барь. Эсвэл хүүхэд юу хийх хэрэгтэйг сайн зааж өг. Эерэг үгээр ярилц. Загнаж зандралаа боль, заналхийлэлгүйгээр тайлбарла.Уян хатан, ухаалаг бай. Түүнийг сайшаах, хөдөлгөх аргаа ол. Өөрөө үлгэрлэ. Аливаа зүйлийн учрыг олж хийх арга ухаан, асуудлыг шийдэж, амьдралд биеэ авч ур чадварыг хүүхэд эцэг эхээсээ харж суралцдаг. Цэвэрч нямбай айлын хүүхэд цэвэрч нямбай болдог шиг атаархуу, худалч эцэг эхтэй хүүхэд мөн л атаач, худалч болдог. Тиймээс юуны түрүүн та өөрийнхөө дутагдалтай талыг анзаарч, түүнийгээ засахыг хичээх нь чухал. Улмаар хүүхдийнхээ дэргэд бусдыг муучлах, худал хэлэх, хэрүүл хийх, залхуурч хэвтэхээс зайлсхийгээрэй. Өөрөөр хэлбэл та өөрөө тамхи татдаг бол хүүхдээ тамхи татлаа гэж шийтгэх, та өөрөө ажил хийхгүй, телевиз үзэж суух дуртай бол хүүхдээ залхуу байна гэж загнаж, шийтгэх нь шударга бус юм. Хүүхдээ хүндэлж, магтан сайшаа. Хүүхдээ загнаж, аливаа шаардлага тавихдаа муу үгээр харааж, доромжилж, нэр төрд нь халдахаас үргэлж зайлсхийж байгаарай. Ингэснээр та хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг дэмжиж өгөхөөс гадна хичнээн уурласан ч соёлтой байж, бусдыг хүндлэх аргыг зааж сургаж байдаг. Мөн хүүхдийнхээ хийсэн сайн зүйлсийг тийм байх ёстой мэтээр хүлээн авч, болохгүй байгаа зан аашийг нь байнга шүүмжлээд байж болохгүй. Хүүхдийнхээ хийсэн бага ч гэсэн зүйлийг анзаарч, магтан урамшуулж байх нь хүүхдэд “Үүнээс ч илүү сайн” хийх гэсэн хүсэл төрүүлдэг ач холбогдолтой зүйл юм. Гэхдээ магтахад  учир бий. Ихэнх хүмүүс хүүхдээ онц авчихлаа гээд ирэхээр нь “Өө, ёстой сайн байна. Ёстой мундаг байна” гэж хэлдэг. Гэхдээ тэгж хэлэхийн хажуугаар “Миний хүү/охин өчигдөр орой гэрийн даалгавраа сайн хийсэн болохоор, хичээл дээрээ анхааралтай суусан болохоор, багшийнхаа хэлснийг сайн ойлгосон болохоор онц авсан байна. Баяр хүргэе чи үнэхээр мундаг шүү” гэж хэлж байвал хүүхэд онц авахын тулд олон зүйлийг сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно. Харин зүгээр л “сайн байна” гэж хэлдэг бол хүүхэд хүнээс хуулаад юм уу, өөр ямар ч аргаар хамаагүй онц авч л байвал сайн гэж ойлгож болзошгүй. Үглэхээс татгалз. Нэг зүйлийг олон давтан хэлэхээр үглэсэн болдог шүү дээ. Тиймээс хүүхдээсээ(ялангуяа өсвөр насны) хүсэж, шаардаж буй аливаа зүйлийг 2-аас дээш удаа хэлэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв нэлээд нухацтай асуудлыг хүү/охин чинь хүлээж авахгүй байвал гэр бүлийн хурал хийж, арай өөр байдлаар ярилцаж болно.  Гэр бүлийн хурал дээр хүүхдийг “үг сонсдоггүй” гэж шүүмжилсэн байр сууринаас бус, “Ээж/аав нь чамаас ийм зүйлийг хүсэж байна. Яагаад хүлээж авдаггүй юм бэ? Цаашид хүлээж авна гэж ойлгож болох уу?” гэж нүүр нүүрээ харж байгаад, дуугаа өндөрсгөхгүй, харилцан ярилцлага хийж хоорондоо ойлголцох нь үр дүнтэй. Зодож шийтгэхээс татгалз.   “Би багадаа зодуулж өссөн. Тэглээ гээд муудсан зүйл алга” гэж маш олон хүн хэлдэг. Гэвч ихэнх эцэг эхчүүдийн өсөж торнин, ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч байсан социалист нийгмийн үед хамгийн дуулгавартай, нам засгаас өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлдэг, хамт олныхоо аясаар явдаг хүнийг “сайн хүн” гэж тодорхойлдог байсан бол өнөөгийн нийгэмд өөртөө итгэлтэй, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, эрсдэл болон аливаа зүйлээс айж бэргэхгүй ажиллаж чадаж байгаа хүн амжилтанд хүрч, өндөрөөр үнэлүүлж байна. Гэтэл эцэг эхчүүдийн хамгийн эцсийн бөгөөд үр дүнтэй гэж үздэг “алганы амт” нь хүүхдэд ухамсарын бус айдсын хүмүүжлийг суулгадаг ба сэтгэл санааны дарамтыг давхар агуулдаг. Байнга зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс хулгадаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дууриагч болгон төлөвшдөг байна.

Дэлгэрэнгүй »
Хүүхдийг эрхэмлэх монголчуудын үзэл #11

Хүүхдийг эрхэмлэх монголчуудын үзэл #11       Монголчууд хүүхдээ эхийн хэвлийд байхаас хамгаалан, хүндэтгэж, төрөх хүүхдээ эрүүл саруул, амар тайван, зөв сайхан зан чанартай байлгахыг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Тиймээс ч жирэмсэн ээжид улай үл үзүүлэх, хайч, хутга, хөрөө, сүх зэрэг хурц мэс дээгүүр алхахыг цээрлэж, айлгаж ичээх, хэрүүл маргаан дэгдээх, цочоон уурлуулах зэргээс болгоомжилно. “Хүүхэд бол нэг эрдэнэ, хүмүүжил бол мянган эрдэнэ” гэсэн үгнээс Монголчууд хүүхэд нялхсаа ямар их хайрлан хамгаалдаг, асарч хүн болгоход ямар эрхэм нандин үүрэг гэж үнэлж үздэг илэрхий бөгөөд хүүхэд өсгөх үүргийг “Тэнгэрээс өндөр, дэлхийгээс зузаан, далайгаас гүн, уулнаас хүнд буянт үйл” хэмээн ном судартаа тэмдэглэжээ. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн арга нь дэг журмыг таниулах гэрийн сургаал бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хөтөч нь аав ээж, гэрийн ахмад хүмүүс байдаг байж. Түүнчлэн хүүхдийн насны онцлогийг харгалзан аливааг заах, дагуулан сургах, ухааруулж өсгөдөг       Ардын уран зохиолч Т.Галсан гуайн “Идээ унд элбэг айлд хүү сөөм, инээд баясал цалгиастай гэрт хүү тохой, ирмүүн ажил дэлгэрсэн газарт хүү алд, итгэл хайр тэгширсэн орчинд хүү дэлэм өсдөг” гэсэн сургамжийг олон хүн сонссон биз. Тэгэхээр “Хүмүүжил” гэдэг нь хүн байна гэсэн үг төдийгүй өдөр тутмын харилцааны хэрэглүүр болох тул Монголчууд хүүхдийг мэдлэгжүүлж, боловсруулахаас өмнө “Хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх”-ийг чухалд үздэг. Өөрөөр хэлбэл хүнолж авсан хүмүүжлээрээ ухаан сууж, төлөвшин хурдан боловсорч болдог бол төлөвшсөнийхөө дараа хүмүүжих нь нэн бэрх гэж үздэг. Иймд хүүхэд хүмүүжүүлэх үйл хэрэгт онцгой анхаарч нас, хөгжлийн онцлогийг нь ойлгож, мэдэж, сургаж харилцсанаар “биеэ мэдэх” хүн болгоход дараах байдлаар  чиглүүлдэг байжээ.   Хүний хүн болж төлөвших хамгийн чухал, шийдвэрлэх нас 0-5 нас бөгөөд бие өсөх нь хурдан, махбод эдгэх нь амархан, эд эс идэвхтэй урган  төлждөг нас бөгөөд түүнийг ХАН ХӨВҮҮН  мэт асарч хүмүүжүүл. 6-10 насанд хүүхдийн хөдөлгөөн ихсэж, аливааг оролдох, хийх нас тул буруу үйлээс сэргийлж БИЕДЭЭ СҮҮДЭР МЭТ ДАГУУЛЖ ажил хөдөлмөрт сургаж хүмүүжүүл. 11-14 насанд хүүхэд бие даах чадвартай болж, ажил үйлийг бусдын дэмээр гардан хийх сонирхолтой үе тул “БИЕ ДААЛГАХ” аргаар хүмүүжүүл. 15-17 насанд хүүхэд том хүний нэгэн адил эрх мэдэл, үүрэг хариуцлагатай болгох нас гэж үзэх тул тэдэнтэй аль болох ЗӨВЛӨЛДӨХ, САНАА ОНООГ НЬ АВАХ хэлбэр давамгайлж хүмүүжүүлэхийг  зөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй »
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#1

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#1 Доктор Катрин Керсигийн  “Хүүхэд хүмүүжүүлэх урлаг номдоо” дурдсан хүүхэд хүмүүжүүлэх шилдэг 10 арга: Хүүхдийг хүндэлж байгаагаа харуулах: Хүүхдээ таны амьдралд байдаг хүндтэй хүмүүстэй харьцаж хүндэлдэг шигээ хүндэл. Хүүхэд тань болон бусад хүмүүс танд яаж хандаасай гэж хүсдэг тэр хүслээрээ хүүхдэдээ ханд. Урамшуулах: Хүүхдийнхээ хариуцлагатай байдал, зөв үйлдэл, хандлагад нь талархаж урамшуулж, тэвэрч, шагнаж байгаарай. Хүүхдэд анхаарал, халамж үргэлж шаардлагддаг. Ажил даалгах: Сахилгагүйтэхийн оронд хийх ажил хүүхдэдээ өгөх. Жишээ нь: хүүхэд тань хүнс цуглуулахаар дэлгүүрт ороход сахилгагүйтэж гүйх эсвэл дураараа чихэр, шоколад авах гээд байвал дараагийн удаа дэлгүүр  орохдоо надад 6 алим аваад өгөөч гэх мэтээр ажил даалгаж өгөөрэй. Сонголт  өгөх: Хүүхдэдээ алийг нь ч сонгосон зөв үйлдэл хийх хэд хэдэн сонголтыг өгөөрэй. Жишээ нь: хүүхэд чинь шүдээ угаахгүй гэвэл, 3 өнгийн шүдний сойз өгөөд аль өнгөтэй сойзоор угаамаар байгааг нь асуух гэх мэт байж болно. Гэрийн дүрмийг тогтоох: Гэрийн даалгавраа хийсэн хойно зурагт үзэж болно. Энэ мэт дүрэм нь хүүхдийг хариуцлагатай, өөрт өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж сурахад тусалдаг.  Буруу үйлдэл, зан авирыг засахаасаа өмнө ярилц: Буруу хийсэн зүйлийг шууд хэлэхээс өмнө хүүхдээ тэвэрч, хүүхдээ та хайрладаг анхаардаг гэдгээ эхлээд хэлж ойлгуулах. Асуудлыг шийдвэрлэхийн тулд та хоёр хамтдаа юу хийж болох талаар ярилцах Хүлээн зөвшөөрөх: Хүүхдийн гаргасан шийдвэр, гаргаж байгаа аашийг хүлээн зөвшөөрөх. Жишээ нь: Чи багшдаа уурлаад хичээлдээ явахгүй гэртээ баймаар байгааг чинь ойлгож байна. Энэ шийдвэрт чинь чамайг буруутгахгүй. Гэхдээ хичээл чинь 45 минутын дараа орно гэдгийг санаарай. Чамд бодлоо өөрчлөх боломж байгаа шүү . Шийдвэр гаргах боломжийг олгох: Хүүхэд чинь том болохын хэрээр нь шийдвэр гаргах боломжийг олгох. Жишээ нь: Миний хүү/охин ухаантай болохоор би чамайг зөв шийдвэр гаргана гэдэгт чинь би итгэж байна.  Чи шийд. Ингэснээр хүүхэд өөрийнхөө амьдралаа хариуцах ёстойгоо ухаарч, өөрийнхөө шийдвэрийн эзэн болж сурна. Хайрлаж, анхаарч байгаагаа ойлгуулах: Хүн бүр хайрлуулж, халамжлуулах дуртай. Тиймээс хүүхдэдээ хайртай, хүүхдийнхээ юу хийж байгааг нь ойлгох нь танд чухал гэдгийг хэлэх, ойлгуулах. Хугацаа өгөх: Одоо хийж байгаагаа үргэлжлүүлэх цаг хугацааг өгч бай. Жишээ нь одоо 7:10 болж байна. 7:30 хүртэл тоглоод тэгээд гэрийн цэвэрлэнэ шүү.

Дэлгэрэнгүй »
Зөрчилтэй үед нь хүүхдийг идэвхтэй сонсож шийдвэрлэхэд нь туслах #6

Зөрчилтэй үед нь хүүхдийг идэвхтэй сонсож шийдвэрлэхэд нь туслах #6 Зөрчилдөөн нь гэр бүл, анги сургуульд тохиолддог амьдралын салшгүй нэг хэсэг юм. Насанд хүрэгчид зөрчилдөөн, бүр цаашлаад маргааныг хүртэл асуудал, сүрдүүлэг мэтээр хүлээн авах хэрэггүй. Харин эцэг эх бас хүүхдийнхээ ойлголцлыг улам сайжруулах, хэрэгтэй өөрчлөлтийг хийх боломж гэж үзэх хэрэгтэй. Зөрчилдөөн нь зугтаж боломгүй зүйл учраас, үүнийг шийдвэрлэх зарим ур чадвараас суралцах нь бидэнд хэрэгтэй, мөн хүсүүштэй зүйл юм. Насанд хүрэгч болон хүүхдүүдийн, ялангуяа өсвөр насны, хооронд гардаг зөрчил нь ихэвчлэн сахилга бат, дүрэм журамтай холбогдон гардаг. Жишээ нь, хичээл сурлагатай холбоотой асуудал, анги найз нөхдийн харилцаа, чөлөөт цагаа зарцуулж байгаа байдал, гэрийн даалгавар, ариун цэврийн асуудал гэх мэт. Харин хүүхдүүдийн хоорондын зөрчилдөөн, сурлага, тоглоом наадмаас (анги сургууль болон гэрт) үүдэн гардаг аж. (сургуулийн дүрэмт хувцастай хоёр хүүхэд эцэг/эх нь зөвлөгөө өгч буй) Эцэг эхчүүдийн хэн хэн нь хэзээ нэгэн цагт хүүхэдтэй ямар нэгэн байдлаар зөрчилдсөн байдаг. Та өөрөөсөө, “Та хүүхдүүдийнхээ хоорондын зөрчилд зохицуулагч болж байсан уу? Та тэгэхэд юу хийсэн бэ? Энэ нь үр дүнтэй байсан уу? Танд ямар нэг бэрхшээл тулгарч байсан уу?” зэрэг асуултыг асуугаад үзээрэй. Мөн бид идэвхтэй сонсох ур чадварыг хүүхдүүдийн дундах зөрчилдөөнийг шийдвэрлэхдээ ашиглаж болно. Хүүхдүүд ч мөн үүнийг сурч, өөрсдөө зөрчлөө шийдэхдээ ашигладаг ажээ. Зөрчлийг шийдвэрлэхэд тусламж хэрэгтэй хүүхдийн мөрдөх зарчим Зөрчилдөөнийг шийдвэрлэх үедээ асуулт тавих. Хүүхэд нэг бүрийг хичээнгүйлэн, идэвхтэй сонсох. Бие биеэ сонсоход хүүхдүүдийг чиглүүлж, урамшуулах. Нөгөө хүүхэд юу хэлснийг давтаж хэлэхэд хүүхдийг урамшуулах. Хүүхдүүд бие биеэ сонсож, бие биетэйгээ харьцахад тэдний хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулах. Ялгаварлаж үзэх, гадуурхахаас зайлсхийх.   Сонсоход бэлэн байх Асуудлаа оновчтой ярих Зөрчилдсөн хүүхэдтэйгээ (ангийн хүүхэд, найз, ах эгч дүү) дургүйцлээ илэрхийлэхгүй байх Зөрчилдөөнийг зохицуулах эцэг эх эсвэл багшдаа итгэх Зөрчилдөөнөө шийдвэрлэх сайн гарцыг олох хүсэлтэй байх   Хүүхдүүд хоорондоо зөрчилдсөн үедээ бие биеэ сонсож хүлээн авах нь хэцүү болдог. Хүүхдүүдийг идэвхтэй сонсоход урамшуулах нь, ялангуяа, ярьж байгаа хүний мэдрэмж, сэтгэгдлийг бодож үзэхэд маш чухал асуудал юм. Маш олон тохиолдолд, хүүхдүүд бие биеэ ойлгох үед зөрчилдөөн шийдвэрлэгддэг. Зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэж болох арга жишээгээр  4 үйл явцыг харууллаа: Эцэг эх хоёулаа, эсвэл аль нэг нь  “За, юу болсон бэ? Та хоёрт ямар туслалцаа хэрэгтэй болов?” гэсэн асуултыг намуун зөөлөн, уурлаагүй өнгөөр яриагаа эхлэх

Дэлгэрэнгүй »
Бэрхшээл тулгарсан үед хүүхдийг идэвхтэй сонсох нь #5

Бэрхшээл тулгарсан үед хүүхдийг идэвхтэй сонсох нь #5 1-р алхам: Ярьж буй түүхийнх нь утга агуулга, өнгө аясыг анхаар: Ярьж байгаа хүүхдийн сэтгэл хөдлөлийг тунгаан бодох нь. Та хүүхдийг сонсож, ойлгож байгаа нь хүүхдэд тодорхой, ойлгомжтой байх ёстой.    Жишээ 1:  “Ээж ээ, би шүдний эмч дээр очмооргүй байна.” Хариулт: “Шүдний эмч дээр очихоос айж байна уу?”    Жишээ 2: “Би олны өмнө илтгэл тавихаас их айж байна.” Хариулт: “Чи олон хүний өмнө илтгэл тавьж юм ярихаас айж байна уу?” 2-р алхам: Сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нь анхаар. Сонсогч ярьж байгаа хүндээ түүний мэдрэмж, сэтгэл хөдлөл нь жам ёсны, байж болох зүйл гэдгийг мэдүүлсэн ямар нэг зүйл хэлэх хэрэгтэй. Эмзэг хүүхдүүд ийм асуудал бэрхшээл зөвхөн тэдэнд тулгараагүй гэдгийг мэдвэл тэдний сэтгэл зүй дээрддэг.     Жишээ 1: “Олон хүнд яг ийм айдас байдаг. Шүдний ломбо авах ч их өвтгөх магадлалтай шүү”.    Жишээ 2: “Олон хүнд яг ийм мэдрэмж төрдөг. Багш болохоосоо өмнө би ч бас олон хүний өмнө гарч ярихаас их айдаг байсан.” 3-р алхам: Хүүхдийг урамшуулах. Та хүүхдийнхээ давуу тал, өмнө нь тулгарсан бэрхшээлийг хэрхэн амжилттай давж байсан зэргийг эргэн санаж, үүгээр нь түүнд урам зориг өгөх хэрэгтэй. Хүүхдийг эрч хүчтэй байхад урам зориг их чухал.    Жишээ 1: “Чи ёстой зоригтой”; “Чи...байснаа санаж байна уу?”    Жишээ 2: “Чи хэсэг дуучидтай хамтарч байсан үеэ санаж байна уу?” 4-р алхам: Хүүхдэд шийдэл олоход нь туслах. Идэвхтэй сонссоны дараа, яригчид түүний мэдэрсэн мэдрэмж байж болох зүйл ба ийм байдалд орсон бусад хүмүүс ч яг ийм мэдрэмж төрдөг гэдгийг ойлгуулж, тэднийг тайвшруулж, асуудлыг шийдэх хүч тэнхээ олоход нь туслаарай.               Жишээ 1: “Дахин ингэвэл, чи айхгүйн тулд, юу хийх хэрэгтэй вэ?” “Өмнө нь ... –г туршсан уу?”              Жишээ 2: “Үүнийг яаж давах боломжтой гэж бодож байна?” “Чи үүнд яаж бэлдэх вэ?”

Дэлгэрэнгүй »